Өнөөдөр MN мэдээллийн төвд 15 настай Б охиноо бусдын гарт зэрлэгээр хөнөөлгөсөн аав хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэрэг явдал анх 2008 оны 7 сарын 12 –нд Дамбаржаагийн орчимд 15 настай Б охиныг Ж.Хэрлэнчимэг гэгч 20 гаруй насны хүүхэн өөрийн найз Ж.Очбадрахтай хардаж, өмсөж явсан даашинзных нь бүсээр боомилж бүрэлгэн, хогийн цэг дээр хаясан нь мөрдөн байцаалтаар илэрсэн.
Хэрэг гарах үед Ө.Хэрлэнчимэг Б охины хөл, гарыг хамт байсан хүүхдүүдээрээ даруулж, “Дарахгүй бол та нарыг дараа нь ална” энэ тэр гэж сүрдүүлэн Б-г алсныхаа дараа найз залуудаа “Би чамд хайртайгаа нотлох гэж энэ охиныг аллаа” гэж хэлсэн нь гэрчийн мэдүүлэгт байгаа.
Хэрэг явдал болсноос хойш шүүх хурал ямар нэг шалтгаанаар таван удаа хойшилсон ба зургаа дахь шүүх хурал энэ сарын 13-нд болохоор болсон.
Харин талийгаач Б охины аав аргаа барахдаа 13-ныг хүртэл Сүхбаатарын талбай дээр сууж монголчуудынхаа сэтгэлийн дэмийг авахаар шийдээд байгаа гэдэг талаар бид та бүхэнд өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл зургаа дахь шүүх хурал мөн дахин хойшилж энэ сарын 27-нд болохоор болсон юм.
Тиймээс цөхрөнгөө барсан аав ийнхүү сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийлгэхийн хамт МУ-ын Ерөнхийлөгч энэхүү шүүх хуралд хүрэлцэн ирж шүүх байгууллагын үйл ажиллагаа яг яаж бохир явагддагийг, зөвхөн би ч биш өөр олон хүн ингэж хохирч байгааг өөрийн биеэр ирж хараач ээ гэж хүслээ.