Гэрэл зургийг Пүрэвдорж
Монголын орчин үеийн хөгжмийн нэгэн содон өнгө болох “Никитон” хамтлаг 25 жилийн ойдоо зориулсан тоглолтыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Тус хамтлагийнхан энэ жил ойгоо угтсан олон арга хэмжээ, сонсогчдодоо зориулсан гэнэтийн бэлгүүд задалж байгааг бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, “Никитон” хамтлаг өнгөрсөн тавдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамтлагийнхаа нэрэмжит төгөл байгуулж, зургадугаар сарын 1-9-нд Берлин, Женев, Стокхолм, Дюссельдорф зэрэг Европын хотод аялан тоглож, “Боловсрол суваг” телевизтэй хамтран реалити шоу бүтээснээ цэнхэр дэлгэцээр хүргэн, мөн өнгөрсөн сарын 21-нд “Чи минийх” цомгоо танилцуулсан. Тэд энэ жилийн хамгийн том бэлгээ уржигдар Төв цэнгэлдэх хүрээлэнд задалсан. 25 жилийн ойд зориулсан энэхүү тоглолтынх нь сонирхолтой зарим хэсгийг дурдъя.
“Никитон-25 жил” тоглолт 12 цаг гаруй үргэлжилсэн. Тайзнаа “Харанга”, “Хар сарнай”, “Камертон”, “Нисванис”, “A sound”, “Fire”, “The lemons” хамтлаг, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Наран, С.Сэрчмаа, Б.Амархүү, хийлч Ч.Дэлгэрцэцэг, шилдэг дижей нар бүтээлээ толилуулсан. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй байсан нь тус хамтлагийг биширдэг бүх насныхан үзэх боломж олгосон юм.
Нөгөөтээгүүр, “Никитон”-ыхон хөгжлийн бэрхшээлтэй 30 хүнд тоглолтоо үнэгүй үзүүлсэн бөгөөд тэдэнд зориулан тусгай хэсэг гаргаж, суудал зассан байв. Тэд өнгөрсөн сард нийгмийн хариуцлагын хүрээнд ЭХЭМҮТ-д 10 сая төгрөг, “Мөнгөтэй зочин” нэвтүүлэгт оролцож хожсон хоёр 2 сая төгрөгийг сагсан бөмбөгчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлажээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд 2005 онд ОХУ-ын алдарт дуучин Флипп Крикоров тоглолтоо хийхэд 40 мянган хүн цугласан дээд амжилт байдаг. Харин уржигдар “Никитон”-ыхон 60 мянга шахам сонсогч цуглуулж, дээрх амжилтыг эвдэв. Тэр үдэш тус хамтлагийн “Аяны шувууд”, Үүлэн үст”, “Хөөрхөн хүүхэн”, “Цамцаа тайл”, “Чи минийх”, Хос хунгийн дууль”, “Янаг цэцэг”, “Халуун элгэн нутаг” зэрэг шилдэг 25 дуу эгшиглэснээс гадна Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн шилдгүүдийн хит дуунуудыг нэгэн тайзнаас сонсох ховор боломж тохиосон юм.