Зам засахтай холбоотойгоор 100 айл орчмын замыг өнөөдрөөс буюу 2019 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гурван хэсэгт хувааж хаахаар болсон. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "100 айлын замыг гурван хэсэгт хувааж хаана. Үүнд:
- Долдугаар сарын 01-нээс 10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны уулзвар хүртэл;
- Долдугаар сарын 14-нөөс 28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх зам;
- Долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 15-ны хооронд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх замыг хаахаар төлөвлөж байна.
Өнөөдрөөс наймдугаар сарын 15-ныг хүртэл зам хаахаар төлөвлөж байгаа. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан цаг хугацаанд өөрчлөлт орж болзошгүй. Өөрөөр хэлбэл, тав хоног сунах эсвэл богиносож магадгүй гэдгийг ард иргэддээ хэлмээр байна" гэлээ.
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра "100 айлын 1.6 км авто замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр, хоёр талаараа явган болон дугуйн замтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой иж бүрэн зам байх болно. Энэ хавиар үйлчилгээний газрууд ихтэй, суурьшлын бүс учраас нэг мөсөн хаалгүйгээр гурван хэсэг хувааж хаах болсон. Зам барилгын ажлыг графикт хугацаандаа дуусгах үүднээс хүн, хүч, техник хэрэгслээ 100 хувь бэлэн болгосон байгаа. Нийт 3.4 тэрбум төгрөгөөр барина. 100 айлын зам доогуур маш олон шугам сүлжээ бий. Үүнийг хүчитгэх, заримыг нь зайлуулах, тунелийн системд оруулах зэрэг олон ажлууд хийгдэнэ. Үүний дараа дахин шугам сүлжээний ажил хийгдэхэд замаа эвдэж, хуулах шаардлага гарахгүй. Мөн борооны ус зам дээр тогтдог байдал цаашдаа энэ зам дээр огт гарахгүй. Түүнчлэн хотын мэдэлд байгаа нийтийн эзэмшлийн газар дээр зогсоолын тоог нэмэгдүүлж, шинээр барина” хэмээв.
100 айлын замыг хэсэгчлэн хаах үеэр зорчих түр замын зураг
Улаанбаатар зам, засвар арчлалтын газар зам барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллах юм байна.