Өчигдөр хоёр Солонгосыг тусгаарладаг Цэрэггүй бүсэд (DMZ) АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар уулзжээ. Трамп хилийн шугамд ирэхэд Ким Жон Ун нөгөө талаас гарч ирж уулзжээ. Тэд эхлээд хилийн шугамын хоёр талаас гар барьж, мэндчилээд дараа нь Ким Жон Ун гэнэтийн санал тавьж, Доналд Трампыг Умард Солонгосын газар шороонд хөл тавихыг урьжээ. Ингэснээр Трамп Солонгосын дайнаас хойш Умард Солонгосын газар нутагт хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болжээ. Албан ёсны бус, төлөвлөгдөөгүй, гэнэтийн энэ үйл явдал дэлхий дахины сонирхлыг аргагүй татаж байна. Хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд АНУ-ын Ерөнхийлөгч айлчлах нь хэдэн сарын өмнө төлөвлөгдсөн ч Ким Жон Унтай уулзсан явдал гэнэтийн байжээ. Энэ тухайгаа Трамп “Бид “Их 20”-ийн чуулганы дараа хоёр Солонгосыг тусгаарладаг Цэрэггүй бүсийг очиж үзнэ гэж би миний найз танай Ерөнхийлөгч Мун Жэ Унд амласан юм. Тиймээс нь энэ бол урьдаас төлөвлөгдсөн айлчлал байлаа. Харин өчигдөр миний санаанд Ким Жон Унтай утсаар яриад энэ бүсэд надтай мэндчилэх хүсэл байна уу гэдгийг асууя гэж бодсон юм. Тиймээс энэ уулзалт ёстой гэнэтийн байсан” гэж хэлснийг CNN телевиз шууд дамжуулжээ. Харин БНАСАУ-ын Удирдагч Ким Жон Ун Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп өөртэй нь хоёр Солонгосыг тусгаарладаг хил дээр уулзах хүсэлтэй байгааг Твиттер хуудаснаас мэджээ. Трамп, Ким хоёр хамтдаа хилийн шугамын хойд талд гарч, зургаа авахуулсны дараа буцаж Өмнөд Солонгосын нутагт орж ирсэн байна. Хилийн хоёр талаас уулзахдаа Ким “Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Энд тантай уулзана гэж огт төсөөлж байсангүй” гэж АНУ-ын ерөнхийлөгчид хандан хэлсэн байна. Хамтдаа хил давсны дараа тэрээр Трампын зоригийг үнэлж байгаагаа хэлжээ. Хариуд Доналд Трамп Умард Солонгосын удирдагчтай дотно нөхөрсөг харилцаатай байдгаа онцлоод “Бид анх уулзсан өдрөөсөө эхлэн бие биедээ таалагдсан” хэмээн хэлжээ.Дараа нь хоёр удирдагч ерөнхийлөгч Мун Жэ Унтай нэгдэн Өмнөд Солонгосын Панмунжом тосгонд товч уулзалт хийснийг Японы телевизийн суваг дамжуулсан байна. Зарим дэлхийн хэвлэлүүд уг уулзалт урьдчилан төлөвлөгдсөн тухай бичиж байна. “Yonhap” агентлаг мэдээлснээр бол БНАСАУ-ын асуудлыг хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигэн болон АНУ-ын Аюулгүйн Зөвлөлийн Солонгосын хойгийн асуудлыг хариуцсан зөвлөх Эллисон Хукер нар 6-р сарын 29-ны өдөр Панмунжон хилийн боомтын хойд хэсэгт нисдэг тэргээр очин БНАСАУ-ын албан тушаалтнуудтай уулзсан байна. Хоёр талын төлөөлөгчид АНУ-ын болон БНАСАУ-ын удирдагчийн уулзалтын протоколын талаар ярилцжээ.