Аялал зугаалгын цаг эхэллээ. Иймд бид эх орныхоо байгалийн өвөрмөц бүтэцтэй үзэсгэлэнт газруудыг цувралаар танилцуулж байна. Эхний цувралаараа Өвөрхангай аймгийг онцоллоо. Аялагчид тэндээс Монголын нийслэл хот байсан Хархорум хотын туурь, Өндөр гэгээн Занабазарын өлгий нутгаар аялангаа хуучны биет болон биет бус өвтэй танилцах боломжтой юм.
Улаан цутгалан
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас 130 км-ийн зайд орших Улаан цутгалан буюу Орхоны хүрхрээ. Энэхүү хүрхрээ нь 20 гаруй метрийн өндрөөс буудаг 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Иймд зуны цагаар аялахад нэн тохиромжтой.
Хүйсийн найман нуур
Өвөрхангай аймгийн Уянга сумаас баруун хойд зүгт 45 км зайд үзэсгэлэнт найман нуур бий. Эдгээр нуур нь галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт оршдог. Далайн төвшнөөс дээш 2700-3165 метрийн өндөрт бий.
Эрдэнэ зуу хийд
Их Монгол Улсын нийслэл байсан Хархорум хотноо байрлах Эрдэнэ-зуу хийд. Энэхүү хийд нь танд 13-р зуунд очсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Мөн эндээс эртний өв соёл, мартагдаж буй биет өвийг харах боломжтой.
Сэрүүн булаг
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумаас 10 гаруй км-ийн зайд байрлах сэрүүн булаг. Энд ирсэндээ та хэзээ ч харамсахгүй. Буга урамдахыг сонсох нь бүү хэл тэдэнтэй сэлфи хийсэн ч болно. Мөн та буцах замдаа Өндөр гэгээн Г.Занабазарын гэр музейгээр ороод гарах боломжтой.
Үүртийн тохой
Ойрад Монголчуудын цэрэг Манжийн цэрэгтэй байлдахад Орхон гол гэнэт үерлэн энэ тохойг Ойрад цэргийн хүүрээр дүүргэж. Манжуудад ялалт авчирсан учраас Орхон голд "Түшээ гүн" хэмээх цол олгосон гэгддэг. Харин "Хүүртийн тохой" хэмээн нэрлэсэн нэрийг монголчууд эерүүлэн "Үүртийн тохой" болгосон хэмээх домог бий. Үүнээс гадна гурван ч домог байдаг. Та нэг ирээд үзээрэй.
Сангийн далай
Өвөрхангай аймгийн өлзийт сумаас 10 гаруй км-ийн зайд орших Сангийн далай. Энэхүү нууранд аялагчид ирснээр олон төрлийн усны шувуудын бүжихийг харж, тайтгарах боломжтой. Үүнээс гадна эргээр нь ангаахай дагуулсан Тогоруу цам харайх, Хун шувуу дов дэрлэн нойрсож байгааг харах болно.