Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны нэгдүгээр шат дууслаа
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1,411 иргэн аж ахуй нэгжүүдээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ЖДҮХСанд ирүүлжээ. Үүнээс эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн 2-р шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжээд байна /376 аж ахуйн нэгж, 158 иргэн/. Үүнээс 300.0 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт дараагийн шатанд шилжигдсэн байна.
Хөдөө орон нутагт төсөл ирүүлсэн 1330 гаруй төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт одоогоор дуусаагүй орон нутгийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа 50 хувьтай үргэлжилж байна.
ЖДҮХСангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нийт 4 үе шаттай бөгөөд эцсийн зээл олгох шийдвэрийг Төсөл сонгон шалгаруулах хороо шийдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд хурлын үйл ажиллагааг нээлттэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр танилцуулах болно.
Мөн эцсийн шатны шалгаруулалтанд тухайн төсөл ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаа, үр дүнг товч байдлаар өөрийн биеэр Хорооны гишүүдэд танилцуулах боломжийг мөн олгож байгаагаараа өмнөх жилүүдийн ЖДҮС-аас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанаас онцлог, ил тод, олон нийтэд нээлттэй, хэн нэгэнд давуу байдал бий болгох, гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бий болгоно гэж ЖДҮХСангийн зүгээс үзэж байгаа болно.
Бидний зүгээс холбогдох дүрэм, журмын дагуу нийтдээ 18,000 гаруй мянган датаг Монголбанкны зээлийн мэдээллийн сан, ЗГ-н тусгай 5 сан, АТГ, Татварын Ерөнхий газар, Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй мэдээлллийг тулган нягтлан шалгах ажлыг зохион байгуулж эхний шатны сонгон шалгаруулалтыг хийгээд байна.
Үүний дүнд 873 төсөл ирүүлэгчийн бичиг баримтын иж бүрдэл хангагдаагүй, татвар, нийгмийн даатгалд өртэй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй, аль эсвэл хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалыг журмын дагуу төсөл ирүүлэгчид буцаах нөхцөл үүсээд байна.