Азийн хамгийн алдартай хосуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог "Нарны үр сад" (Descendants of the Sun) хэмээх киноны жүжигчид болох Song Joong Ki (Сун Жүн ги), Song Hye Kyo (Сун Хег Ё) нар 2017 оны аравдугаар сарын 31-нд сүр дуулиантайгаар хуримласан. Гэтэл өчигдөр буюу 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр жүжигчин Сун Жүн ги эхнэрээсээ салах гэж буйгаа албан ёсоор мэдэгдэж, Сөүл хотын гэр бүлийн шүүхэд өргөдлөө өгчээ. Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулж "Биднийг хайрлаж хүндэлдэг шүтэн бишрэгч нартаа ийм харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа уучлалт хүсэж байна. Би Сун Хег Ё-гоос салах өргөдлөө өгсөн. Бие биенээ буруутгаж, хэн нэгэндээ бурууг тохож амьдарч байснаас гэр бүл салалт нь илүү дээр сонголт болно гэж найдаж байна. Хувийн амьдралынхаа нарийн зүйлсийг ил болгоход мэдээж хүнд байна. Та бүхнийг ч ойлгоосой гэж хүсэж байна. Энэ бүхний эцэст жүжигчнийхээ хувиар илүү хичээж ажиллах болно" хэмээжээ.