Спортыг яагаад сая сая хүн үзэж, бишрэн дээдэлж, сэтгэл зүрхээ өгдөг талаар Та бодож үзсэн үү. Олон янзын шалтгаан байгаа болов уу, спортод татагдсан хүмүүст. Харин гарцаагүй нэг үнэн гэвэл ядарч зүдэрсэн, зовсон ард түмэнд итгэл найдвар авчирдаг ганц зүйл нь спорт гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хэдхэн жишээ татсу.
АРД ТҮМЭНДЭЭ ИТГЭЛИЙН НАР АВЧИРСАН ХӨЛБӨМБӨГЧИН БҮСГҮЙЧҮҮД
2011 онд хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн япон бүсгүйчүүдийн гайхамшигт ялалтаар өндөрлөсөн. Дэлхийн аварга болох нь бүү хэл медаль ч зүүж үзээгүй байсан тэдний ялалтын шалтгаан юу байсан юм бол. Тэмцээн болохоос хэдхэн сарын өмнө байгалийн гамшигт нэрвэгдэж, хатуу хөтүүг ханатлаа амссан ард түмнийхээ сэтгэлд гэрэл гэгээ авчрах гэсэн чин хүсэл, мятрашгүй зүтгэл, цуцашгүй хөдөлмөр, нугарашгүй сэтгэлийн хат нь тэдэнд дэлхийн аварга цол, Японы ард түмэнд итгэлийн гэрэлт нарыг авчирсан болов уу. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт хамгийн шилдэг багт тооцогддог, олимп, дэлхийн аварга АНУ-ын бүсгүйчүүдийн эсрэг дундаж өндөр нь 160 см гаруйхан шавилхан биетэй, ДАШТ-д үзүүлсэн амжилтаараа өрсөлдөгчийнхөө хаана ч хүрэхгүй, хоорондоо 25 удаа тоглохдоо ганц ч хожиж байгаагүй япон бүсгүйчүүдийн давуу тал нь ердөө л зүрх сэтгэлээ тоглолтдоо бүрэн зориулсан явдал. Газар хөдлөлт, цунами гээд байгалийн гамшигт нэрвэгдээд удаагүй, гашуудал зовлонгийн нулимс нь хатаагүй, нүүрэн дэх гуниг нь хэвээр байгаа ард түмэнд энэ ялалт юунаас ч чухал, ямар ч тусламж хандиваас илүү үнэ цэнтэй гэдгийг хөлбөмбөгчин бүсгүйчүүд нь зүрх сэтгэлээсээ ойлгосон нь тэднийг тийм гайхамшигт ялалтад хүргэсэн нь гарцаагүй билээ.
НУРАНГИ ДООРООС ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД
Карибын тэнгисийн энэ жижигхэн арал улсын ард түмнийг зовлон зүдгүүр тойрч биш дайрч ирсэн. Дэлхийн хамгийн ядуу буурай орны нэг болоход хоёр зүйл хүчтэй нөлөөлсөн гэдэг. Нэг нь мэдээж тогтворгүй улс төр. Байнга гарах төрийн эргэлт энэ улсын ард түмнийг залхааж, эдийн засгийг эцэст нь хүртэл дордуулжээ. Нөгөөх нь хэлж ирэхгүй хийсэж ирэх байгалийн гамшиг. 2010 онд Хайтид болсон аймшигт газар хөдлөлтийг дэлхий даяараа мэднэ. 200 гаруй мянган хүн нас барж, 300 гаруй мянган хүн гэмтэж бэртсэн, нурж сүйдээгүй барилга, байшин бараг үлдээгүй тэр гамшгийн дараа тэд бараг юу ч үгүй хоцорсон юм. Хөлбөмбөг бол хайти хүүхдүүдэд тоглож болох цорын ганц тоглоом байлаа. Гэхдээ тэдэнд зориулалтын хувцас хэрэглэл, өмсгөл, оймс, гутал, хамгаалалтын аль нь ч байгаагүй гэдэг. “Бидэнд болж өнгөрснийг мартахад туслах ганц зүйл бол хөлбөмбөг л байлаа” хэмээн хожим Хайтигийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч болсон Кетура Вудлине Робасте өгүүлсэн нь бий. Мексикт аялан тоглолтоор очсон тамирчид нь болж өнгөрсөн аймшигт үйл явдал “хар дарсан зүүд” мэт санаанд нь тодхон байсан тул олон давхар зочид буудалд байрлахаас ч татгалзаж байсан гэдэг. Гэвч хайти охидын олон жилийн уйгагүй хөдөлмөр, тэвчээр, ард түмнээ баярлуулах гэсэн хүсэл мөрөөдөл нь биелж, 2018 онд 20 хүртэлх насны баг нь ДАШТ-д оролцохоор шалгарсан билээ. Хэдийгээр хайти охид ганц ялаагүй ч хөлбөмбөгийн спорт өндөр хөгжсөн, улс орны хөгжил нь сайн Германд 2:3, БНХАУ-д 1:2, Нигерид 0:1-ээр хожигдсон. Тэднийг эх орондоо ирэхэд ард түмэн нь баатруудын адилаар хүлээн авсан билээ. 2010 оноос улс орон даяараа, 10 саяулаа хамтдаа баярлаж, нүүрэнд нь анх удаа инээмсэглэл тодорсон гэдэг юм билээ, хөлбөмбөгчин охидоо дэлхийн аваргад тоглохыг хараад, хайтичууд.
ҮНДЭСНИЙ ЭВЛЭРЭЛД ХҮРГЭЖ, МОНГОЛЧУУДАА ОГШООСОН ОЛИМПЫН АВАРГУУД
Холоос, хүнээс эрэлтгүй манай Монголд ч бэлээхэн жишээ бий. 2008 оны долдугаар сарын 1. Тэр “хар өдөр” Монголын парламентын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, булхайтай болсныг нь эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болж, яваандаа зохион байгуулалттай турхирсан үймээн, самуун өргөжин, эцэстээ улс орон даяар онц байдал зарлаж, ямарч гэм зэмгүй таван сайхан залуу амиа алдсан билээ. Түүнээс хойш улс даяар дүнсгэр, хар бараан өдрүүд сар гаруй үргэлжиллээ. Тэгж байтал наймдугаар сар гарч “Бээжин-2008” олимпын наадам эхэлсэн. Удаа ч үгүй, бүүр тодруулбал, 2008 оны наймдугаар сарын 14-нд Монголын жирийн нэг малчин ардын хүү Н.Түвшинбаяр улсынхаа түүхэнд олимпын анхны алтан медалийг эх орондоо авчирч, ард түмнийхээ магнайг тэнийлгэж, үндэсний их эвлэрэл, ойлголцолд хүргэснийг бүгд санаж буй нь лавтай. Энэ их бахархал, Монгол хэмээх зургаан үсгээрээ дэлхийд гоёх бардамнал хэдхэн хоногийн дараа Э.Бадар-Ууган олимпын аварга болсноор бүүр ч нэмэгдсээн.
ВЕНСЕРЕМОС БУЮУ ВЕНЕСУЭЛ ЯЛНА
Өнөөдөр Венесуэлийн тухай дэлхий даяар ярьж, бичиж байгаа. Ард түмэн нь ядуурал, өлсгөлөн, ажилгүйдэлд нэрвэгдсэн, эдийн засаг, мөнгөний ханшны уналт гэж аймшиг болсон, улс төрийн хүчнүүдийн сөргөлдөөн, мөргөлдөөн, Америк тэргүүтэй улс гүрнүүдийн шахаа, хориг гээд л “муу л бол баруун хойд талын овоохой” гэдэг шиг бүхнийг л Венесуэлээр жишиж ярьж, бичиж байгаа. Гэрэл гэгээтэй зүйл энэ оронд байна уу?
Тэгвэл өнөө “муу” Венесуэлийн хөлбөмбөгийн шигшээ баг сүүлийн жилүүдэд ард түмнийхээ “аз жаргал нь”, улс эх орныхоо гэрэл гэгээ нь болов. Уг нь Венесуэлийн хөлбөмбөгчид Өмнөд Америкийн хамгийн тааруу багт олон жил тооцогдож явсан билээ. Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны орнуудаас Дэлхийн аваргад орж үзээгүй цорын ганц баг нь Венесуэл. Мөн Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээн “Copa America”-гаас медаль авч үзээгүй ганц орон нь бас л Венесуэл. Тэгвэл эх орныг нь дэлхий даяараа “шоолж, шоглож” эхэлсэн сүүлийн жилүүдэд Венесуэлийн хөлбөмбөгчид тодорхой амжилт гаргаж эхэлсэн. Тухайлбал, хоёр жилийн өмнө залуучууд нь ДАШТ-д анх удаагаа шигшээд шалгарч, мөнгөн медаль хүртсэн.
Үндэсний шигшээ баг “La vina tinto” нь ч энэ өдрүүдэд Бразилд болж буй Өмнөд Америкийн АШТ-д амжилттай тоглож, хэсгийн тоглолтод ганц ч хожигдоогүй, тэр тусмаа талбайн эзэн Бразилын шигшээтэй тэнцэж, шөвгийн наймд шалгараад байна. Одоо тэд Месси тэргүүтэй Аргентиний шигшээтэй тоглоно. Өнгөрөгч гуравдугаар сард венесуэлчүүд Месситэй Аргентиний шигшээг нөхөрсөг тоглолтод 3:1-ээр хожиж л байсан. Энэ удаа ч хожих бүрэн боломжтой. Мэдээж Венесуэлийн эсрэг хамгийн их хорио цээр тавьж, улс орных нь дотоод хэрэгт оролцож, шахалт дарамт үзүүлж буй орон бол Америк.
Америкийг венесуэлчүүд цэрэг, армиараа ч, эдийн засаг, хөрөнгө мөнгөөр ч, ер нь юугаар ч ялж чадахгүй нь ойлгомжтой. Тэгвэл бас ялдаг юм байна аа. Тэр нь спорт, тэр тусмаа хөлбөмбөг. “Copa America” эхлэхийн өмнөх сорилгоо Венесуэлийн хөлбөмбөгийн шигшээ Америкт ирж хийсэн. Хөлбөмбөгийн талбайд Төрийнхөө дууллыг сонсоод гарахдаа тэд сэтгэл дотроо “Венсеремос” буюу “Бид ялна” гээд л гарсан байх даа. Тийм ээ тэд, Венесуэл ялсан. Бүүр 3:0-ээр манай гаргийн хамгийн хүчирхэг орны үндэсний шигшээ багийг “шүүрдсэн”. Аугаа биш гэж үү.
Спортоос өөр хаана ингэж жижиг нь томоо, хөгжилгүй нь хөгжилтэйгээ, ядуу нь баянаа, цөөн нь олноо ялж болдгийг Та хэлээч. Спортоос өөр юу ингэж улс орныг, үндэстэн, ястныг сэргээж, ард түмний уйтгар гунигийг үргээж, баяр хөөр, аз жаргалд умбуулж чадна гэж. Үүгээрээ аугаа биш гэж үү, спорт.
“Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.ЭНХТҮВШИН