Өнөөдөр Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр тохиож байна. 2010 онд НҮБ-ын тайланд манай улсыг хар тамхи, мансууруулах бодис дамжин өнгөрөгч улс хэмээн тодорхойлж байсан. Харин үүнээс дөрөвхөн жилийн дараа буюу 2014 онд гарсан тайланд Монгол Улсыг хар тамхи, мансууруулах бодисын хэрэглэгч улс орон болсон хэмээн дүгнэжээ.
Хар тамхи хэрэглэгчдийн дийлэнх нь 18-35 насны залуус байдаг. Үүний шалтгаан нь урлагийнхантай холбоотой хэмээн СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга ярив. Учир нь сүүлийн үед залуусын дунд дэлгэрээд буй “Хип хоп” урлагийн “Trap” хэмээх шинэ урсгал нь залуусыг хар тамхи хэрэглэхэд ихээхэн нөлөөлж байгаа нь нууц биш.
Тухайлбал, өнгөрсөн жил рэппэр Don Dior гэрэлт гудамжинд өвс татаж байгаад хуулийн байгууллагаас нэг жилийн тэнсэн харгалзах ял сонссон. Мөн саяхан Youtube сайтаар “Лойчихсон” хамтлагийн Тука гэгч АНУ-аас монгол залуусыг “өвс тат” хэмээн уриаллаа. Түүний видеоны хандалт одоогоор 281 мянга давсан бөгөөд 12 мянган хүнд таалагджээ. Тэрбээр тус бичлэгтээ “АНУ-д өвс хэрэглэхийг зөвшөөрсөн. Учир нь өвс хорт хавдрыг эдгээж, хүний биед эерэг нөлөө үзүүлдэг” хэмээн ярилаа. Мөн Монгол Улсад өвс хэрэглэхийг хуулиар хориглож буй нь буруу хэмээн үзэл бодлоо илэрхийлэв. Бичлэгийг үзсэн залуусын дийлэнх нь өвс хэрэглэхийг хуулиар хүлээн зөвшөөрүүлэх тал дээр үзэл бодлоо сэтгэгдлээр илэрхийлж байлаа.
Хар тамхи хэрэглэхийг уриалж буй рэппэрүүд Тукагаар зогсохгүй. Саяхнаас олон нийтийг “Youtube”-ээр байлдан дагуулж буй “Lil Puma” гэгч нь мөн л АНУ-аас охид залуусыг хар тамхинд уриалж эхлэв. Тэрбээр шинээр цацагдсан хип хоп дуун дээр “реакшн” буюу сэтгэл хөдлөлөө илэрхийлж цуврал бичлэг хийдэг нэгэн. Түүний дүрс бичлэгт өвс татаж буй нь илхнээ харагддаг бөгөөд “трэп” урсгалыг хар тамхитай холбон тайлбарлаж байна.
Монгол Улс гуравхан сая хүн амтай. Үүний 30 хувийг залуус эзэлдэг. Хэрэв Монголын ирээдүй болсон залуу үе хар тамхи хэрэглээд эхэлбэл юу болох вэ? Үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрнэ гэдгийг уншигч та хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.
2000-аад онд Digital, Ice Top зэрэг хамтлагууд монголчуудад хип хоп урлагийн сайхныг мэдрүүлсэн. Залуус бүгд энэ урлагт хайртай. Гэвч өнөөдөр энэ урлаг нь хар тамхи, мансууруулах бодистой нягт холбогдох болов. Ингэснээр үзэл бодол төлөвшөөгүй бага насны хүүхдүүд хип хоп урлагийг хар тамхи, мансууруулах бодистой холбон сохроор ойлгоход хүргэж байна. Үүнийг дагаад хүүхэд залууст хар тамхи татаж үзэх сэдлийг төрүүлж буй нь туйлын харамсалтай.
Үүнд хяналт тавих хуулийн байгууллага байна уу?