АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авчээ. Энэ талаараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа шууд бичлэг хийж мэдээлсэн байна. Тэрбээр "АТГ-т гэрчийн мэдүүлэг өгөөд гарч явна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үеийн УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэж мэдүүлсэн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татаж байгаа юм байна. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэллээ. УИХ-д мэдэгдэлгүйгээр авсан нь буруу учир хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэсэн гурван жилийн өмнөх байр суурь минь одоо ч хэвээрээ. Эрх мэдээ хэтрүүлсэн нь Ч.Сайханбилэг болохоос би биш.
АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хүрч ирж мэдүүлэг өг гээд байгаа юм байна. Над шиг ирж мэдүүлгээ өгөөрэй. Ц.Элбэгдорж өөрөө бол мэдэхийн цаагуур мэдэж байсан. Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдгийг сүүлийн гурван жилд УИХ дээр өөрийн чинь хэлсэн үг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан үгнээс чинь бүгдэд ойлгогдож байгаа. Тийм учраас энэ байгууллагын хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүйгээр эртхэн ирээд мэдүүлгээ өгсөн нь дээр.
Ер нь бол "Эрдэнэт"-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг УИХ тухайн үед гаргах ёстой байсан. Улсдаа авъя гэсэн шийдвэрийг одоогийн УИХ гаргасныг ард иргэд ойлгосон байх. Тэгэхээр ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явагдах ёстой. Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг тухайн үед Ч.Сайханбилэг дур мэдэж эдлүүлээгүй учраас буруудаад байгаа болохоос зарсан тал болох ОХУ-д буруу өгөх аргагүй. Мөн худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруугүй. Иймд хуулийн байгууллагыг ажлыг нь хүндрэлгүйгээр хийх боломжийг нь олгоё" гэлээ.