“Сэргээшийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэцгээ, бөхчүүд ээ” гэж хэлмээр санагдаж байна. Спортынхны “шүдний өвчин” болж буй тус бодисыг хэрэглэгчдийг өөгшүүлсэндээ бус, цөхөрсөндөө, “Арай ч дээ” гэхдээ ингэж байгаа хэрэг. Үндэсний бөхчүүд МҮБХ, Бөхийн өргөөний төлөө олон жил тэмцэлдэн, “Би албан ёсны, чи хууль бус тэргүүн” хэмээн бие биенээ үгүйсгэж байгааг уншигчид мэднэ. Олон жил үргэлжилж буй тэдний хэрүүл, тэмцэл дээр тос нэмсэн нэгэн үйл явдал өчигдөр болов.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард улсын гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас сэргээш илэрч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан. Тэдний шийтгэлийн хугацаа ирэх жил дуусах учиртай. Гэтэл дээрх бөхчүүд МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл бичиж, уучлал хүсэн, эрхээ сэргээлгэхийг хүсжээ. Улмаар МҮБХ-ны удирдлага тэдний эрхийг сэргээж, барилдахыг зөвшөөрсөн нь бөхчүүдийн хооронд өрнөж буй хэрүүл, тэмцлийг улам хурцатгав. Түүгээр ч үл барам өчигдөр болсон улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит барилдаанд Б.Пүрэвсайхан, Б.Номиндалай, Э.Даш нар бүртгүүлж, зодоглохоор оролдсон нь байдлыг улам хүндрүүллээ.
Үндэсний бөхөд байтугай спортын салбарт өмнө нь байгаагүй, байх ч учиргүй эл шийдвэрийг улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд эсэргүүцсэн. Бараг хагас цаг гаруй маргалдсаны эцэст МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав “Бөхчүүд МҮБХ-ны Тэргүүлэгчдийн шийдвэрийг эсэргүүцэн, барилдахгүй гэлээ. Иймд дээрх гурван бөхийг өнөөдрийн барилдаанаас хаслаа” гэж мэдэгдсэн. Тэгсэн ч улсын заан Б.Пүрэвсайхан барилдахыг оролдоход бөхчүүд эсэргүүцэн, үзэгчийн суудалд суусан.
Бөхийн хорхойтнууд мөн дургүйцэж буйгаа илэрхийлэв. Асуудал улам хурцадсан энэ үед Ц.Магалжав “МҮБХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг ирэх долоо хоногт дахин хэлэлцэх байх. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан ч бас тайлбар өгөх болов уу. Бөхчүүд Ш.Ванчинхүү арслангийн барилдааныг хүндэтгэх хэрэгтэй. Сэргээш хэрэглээд шийтгүүлсэн бөхчүүдийг барилдуулахгүй дээрээ тогтъё” гэснээр Б.Пүрэвсайхан аргагүйн эрхэнд Бөхийн өргөөг орхив.
;fbclid=IwAR1NhSQsYs1MjVJsrdbr2Chx-iP33u2xbu8CYS3rRX0j8rB7UO0GqSnS8VI
Аливаа дүрэм, журмыг хэрэгжүүлэхийн тулд баталдаг байлтай. Гэтэл МҮБХ-ныхон үүнийг умартан, спортынхныг талцуулсан, олон тамирчны амжилтыг үнэгүйдүүлсэн шийдвэр гаргасан нь хачирхалтай. “Уучлалт гуйлаа” гээд барилдахыг нь зөвшөөрч, эрхийг сэргээдэг гаж тогтолцоо аль ч спортын төрөлд байхгүй. Ямар ч алдартай тамирчин буруу зүйл хийсэн бол хариуцлагаа ухамсарлан, шийтгэл хүлээх үүрэгтэй.
Эрхийг нь сэргээсэн таван бөх МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ аваргад гаргасан өргөдөлдөө “Бид зарим хүний зөвлөснөөр шүүхэд хандахад Ү.Хүрэлбаатар МҮБХ-ны нэрийн өмнөөс бидэнтэй эвлэрлийн гэрээ байгуулна гэсэн. Тиймээс бид тийм гэрээ байгуулсан. Гэтэл тэрбээр МҮБХ-д хамааралгүй, албан ёсны эрхтэй хүн биш байсны улмаас бид барилдах боломжгүй өдий хүрлээ” гэсэн нь сонирхол татаж байна. Яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар “Гацуурт”-ын Л.Чинбатын талын гэгдэх хүн гэдгийг бөхийн хүрээнийхэн мэднэ.
Тэгэхээр тэд эхэндээ Л.Чинбат тэргүүнтэй МҮБХ-ныхныг найрах гэж оролдож. Бүтэхээ байхаар нь Б.Бат-Эрдэнэ аваргад хандаж, матрын нулимс унагасан бололтой. Эдгээр бөх барилдахын тулд, амьдрахын тулд юу ч хийсэн байж болно. Харин нөгөө холбоог нь муулаад ирэхээр Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй МҮБХ-ныхон сайн хүн болж харагдан, сандал, ширээтэйгээ үлдэхийн тулд ийм шийдвэр гаргасанд олон хүн эгдүүцэж байна. Харин ч эсрэгээрээ дээрх бөхчүүдийн гуйлтыг хүлээж авалгүй, дүрэм, журмаа барьсан бол олны хүндлэлийг хүлээх байлаа, тэд.
Үүгээрээ МҮБХ-ны удирдлага үндэсний бөхийн спортод сэргээш хэрэглэхийг хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй. Одоо тэгээд хэн дуртай нь сэргээш хэрэглэн, өндөр цол хүртсэнийхээ дараа уучлалт гуйхаад л шийтгэл, хариуцлагаас бултах боломжтой болов. Олон хүнийг “Арай ч дээ, үнэн үү” гэж дуу алдуулсан шийдвэр гаргах байсан юм бол бөхчүүдээс шинжилгээ авч, татвар төлөгчдийн мөнгөөр, өндөр үнээр гадаадад шинжлүүлэн, эрхийг нь хасаж жүжиглэх шаардлагагүй байлтай.
Сэргээш илэрснийг нь хамгийн сүүлд тогтоон, барилдах эрхийг нь хоёр жилээр хассан улсын гарьд Н.Ганбаатар, харцага А.Цацабшир, начин Ц.Бямба-Очир нарыг яах вэ. Айлын хүүхдийг алаг үзээд яах вэ гээд эрхийг нь сэргээх үү. Улсын начин цолоо хураалган, өдгөө аймгийн арслан цолтой барилдаж буй Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын цолыг буцаан олгох уу. Баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэр, монгол түмнээ хүндлээд дуугүй байсан, МҮБХ-ноос уучлалт гуйгаагүй нь тэдний буруу биш байлтай. Ийм байхад үндэсний бөхийн хүрээнийхэн яаж эв түнжинтэй байх билээ.
Сэргээштэй холбоотой асуудал өмнө нь наадмын дараа өрнөж, бөхчүүдийг талцуулдаг байсан. Энэ удаа эсрэгээрээ наадмын өмнө дэгдэж, дараа нь ч үргэлжлэх нь лавтай. МҮБХ-ныхон үндэсний бөхийн спортоо цэвэр ариун байлгая гэж өчүүхэн ч атугай боддог л юм бол гаргасан шийдвэрээ эргэн харж, шударга үнэний талд зогсоосой. Одоо л биш бол хэзээ ч үгүй. Ниргэснийх нь дараа мянга хашхираад нэмэргүй билээ.