Барилга, хот байгуулалтын яамнаас тус салбарт хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн талаар өчигдөр мэдээллээ. Барилгын салбарт энэ онд улсын төсвөөс 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулж, “150 мянган айлын орон сууц”, “Түрээсийн орон сууц”, “Ногоон нуур 1008 айлын орон сууц”, “Тайшир-Алтайн усан хангамж”, “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын өнгөрсөн сарын 22-ны хуралдаанаар баталсан. 2023 он хүртэл хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэдийн худалдан авах чадварт нийцүүлсэн, эрүүл, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн шийдэлтэй орон сууцууд барих гэнэ.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16 мянга, аймгийн төвүүдэд 4000, нийт 20 мянган айлыг түрээсийн орон сууцад оруулах гэнэ. Одоогоор Говь-Алтайд 120, Хөвсгөлд 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972, нийт 1542 айлыг түрээсийн орон сууцад оруулжээ. Иргэд түрээсэлж буй байрныхаа эзэмшигчтэй тохиролцон, гэрээ байгуулсны үндсэн дээр тав хүртэлх жилийн хугацаанд орон сууцны нийт үнэ, эсвэл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэж БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар хэллээ.
Дараагийн нэг чухал ажил бол Сүхбаатар дүүргийн нутаг, Ногоон нуур орчмын 1008 айлыг орон сууцтай болгох юм. БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар энэ онд барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн урд хөршийн 58.5 сая ам.долларын санхүүжилтээр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байна. Одоогоор ус, дулаан, цахилгаан хангамж, ариутгах татуурга, авто замыг барьж, Улсын комисст хүлээлгэн өгчээ. Тэгвэл “Тайшир-Алтайн усан хангамж” төслийг Монгол болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын нийт 40 сая еврогийн санхүүжилтээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс хэрэгжүүлж эхэлжээ.
Ж.Отгонтуул