Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр 11.00 цагт товлогдсон байсан Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо. Ө.Хэрлэнчимэг нь 14 настай Б гэдэг охиныг найз залуу Ж.Очбадрахтай хардаж, улмаар хамт явсан хүүхдүүдтэйгээ нийлж, амийг нь хохироосон юм. Түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээр ял төлөвлөсөн юм.
Шүүгдэгч Ө.Хэрлэнчимэг охины амийг егүүтгэснийхээ дараа “Би чамд хайртайгаа харуулах гэж энэ охины амийг бүрэлгэлээ” гэж байжээ. Энэ хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өмнө нь таван удаа товлогдож, тэр тоолондоо шүүгдэгч Ө.Хэрлэнчимэгийн өмгөөлөгчөө солих шалтгаанаар хойшлоод байсан юм. Шүүгдэгчийн ээж нь өмгөөлөгч учраас хуулийн цоорхой ашиглан шүүх хурлыг хойшлуулаад байгаа талаар хохирогч талынхан холбогдох байгууллагад гомдол гаргаж байжээ.
Өчигдөр болох байсан шүүх хурал бас л өмгөөлөгчөөс болж хойшилжээ. Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Сарантуяагийн өмгөө- лөгч Д.Ганбат хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүйгээс ирэх долоо хоног болтол хойшлуулсан байна. Шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан учраас хуулийн дагуу түүнийг 432.000 төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа.
Г.ОРЧЛОН