Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтэд танилцуулан, саналыг нь авч эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь энэ сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд, 20-нд Дулаанхаанд ажиллав.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь иргэдтэй уулзах үеэрээ “Сүүлийн 27 жилийн хугацаанд парламент, Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна, УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд хэтэрхий их оролцож байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Энэ гажуудлыг зайлшгүй засах хугацаа нь болсон гэж үзээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулаад байна. Сүүлийн дөрвөн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж үзээд амжилт олоогүй. Энэ удаагийн парламентад МАН 65 суудал авсан. Үүнээс 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан. Төслийг хэлэлцэх шатанд засаж, залруулаад явах боломжтой. Үндсэн хуулийн 30 шахам хувьд нь нэмэлт, өөрчлөлт орж буйн дотор Засгийн газартай холбоотой 4-5, Ерөнхийлөгч, шүүх засаглалтай холбоотой өөрчлөлтүүд оруулахаар төсөлд тусгасан. Орон нутгийн засаг захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны талаарх өөрчлөлтүүд мөн төсөлд бий” гэв.
Энэ үеэр иргэдийн хэлсэн саналыг товчлон хүргэе.
М.Тлеберд (Түнхэл тосгоны иргэн): -Дордуулсан долоон өөрчлөлтийг буцаамаар байна. Мөн хот, тосгоны зохион байгуулалтыг сайжруулмаар байна. Хөдөөд хөгжил алга. Орон нутагт төсвийн эрх мэдлийг олгож, ажлын байрыг нэмэгдүүлмээр байна.
С.Раднаабазар (Түнхэл тосгоны иргэн): -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Хуулийн төслийн 57.2-т “Хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох” гэж тусгах саналтай байна.
Д.Дамирансүрэн (Түнхэл тосгоны иргэн): -Ерөнхийлөгчийн насны босгыг багасгах саналтай байна. Яагаад 30 настай залуу энэ улсыг удирдаж болохгүй гэж. Энэ олон сонгууль хийдгээ болих хэрэгтэй.
З.Батболд (Дулаанхаан тосгоны иргэн): -Сумын иргэд Засаг даргаа сонгодог болох саналыг дэмжиж байна.