Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн элэг шилжүүлэн суулгах 79 дэх хагалгаагаа амжилттай хийлээ. 43 настай эхнэр нь 44-тэй нөхрийнхөө донор болсон талаар тус эмнэлгийнхэн хэлсэн. Монголд эл нарийн төвөгтэй мэс заслыг хийж эхэлснээс хойш өнгөрсөн он дуустал 50 хүнд амьдрал бэлэглээд байв. Харин энэ жилээс донорын олдоц сайжирсан, цусны бүлэг тохироогүй хүнээс элэг шилжүүлэн суулгах болсноор ийнхүү амжилт гаргаад байгаа аж.
Элэг шилжүүлэн суулгуулж буй хүмүүсийн 80 хувь нь В, С, D вирусийн шалтгаантай хавдар, хатууралтай. Үлдсэн нь тодорхойгүй шалтгаанаар, эсвэл дархлааны тогтолцооны гажгаас үүссэн өвчний улмаас ийм мэс засал хийлгэдэг гэнэ. Тус эмчилгээний нийт өртөг нь 100 сая төгрөг бөгөөд үүний 85 хувийг улсаас санхүүжүүлж байна. Энэ онд 34 хүнд элэг, 23 өвчтөнд бөөр, зургаан хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгахад улсын төсвөөс гурван тэрбум төгрөг төсөвлөөд буй юм.