Монголын бүтээн байгуулалтууд сүржин нэрнээс цаашгүй болж дээ, хөөрхий. Хийсэн ажлуудынх нь чанарыг байгаль эх шалгаад өгчихлөө. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч л болж. Шөнийн гэрэлт гудамж дахь алаг зам нь ганц борооноор арилж, авто замын шар хашлаганууд нь ганцхан салхины ая даахгүй, олноороо нураад уначихлаа. Үүнд иргэд их л бухимдалтай сууна. Арга ч үгүй биз. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Намянжүгийн гудамж, Нарны гүүр орчим, Их тойруугийн замын голоор хийгдсэн шар хашлага нь л гэхэд 770 орчим сая төгрөгөөр бүтсэн эд шүү дээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, авто замаар аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх ёстой шар хайс маань эсрэгээрээ хүний эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан юм. Тодруулбал, урд хөршөөс импортосон гэх замын тусгаарлах хайс салхинд нуран унасны улмаас нэг хүн бэртэж, есөн иргэний автомашинд тодорхой хэмжээний хохирол учруулсан байна. Үүний хариуцлагыг хэнээс нэхэх ёстой вэ?
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболд 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр А/1041 тоот захирамж гаргаж, 10 мянган метр урт хайс, хашлагаас эхний ээлжинд 4820 метр урт хайс, хашлага худалдан авах ажиллагааг Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгаж байжээ. Ингэхдээ шаардагдах төсвийг 772 сая 238 мянга 026 төгрөг төсөвлөж байж. Ингээд нийслэл маань төдий хэрийн мөнгийг ганцхан шөнийн дотор “үгүй” хийчихэж дээ.
Гэвч энэхүү төсөв нь нуран унасан шар хайснаасаа ч илүү асуудал дагуулаад байна. Учир нь үүнээс 500 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй аж. Мэргэжилтнүүдийн гаргасан тооцооллоор:
БНХАУ-д хамгийн сайн хашаа 1 м2 нь 90 юанийн үнэтэй байдаг гэнэ. Ингээд тооцоод үзэхээр 5000м*0.9м=4500м2.
4500м2*90 юань*385 төг=155.925.000 төгрөг
Ачигчийн хөлс 2000 юань*385=770.000 төгрөг
БНХАУ-ын Гаалийн татвар=770.000 төгрөг
Улаанбаатар хүртэлх зардал=3.000.000 төгрөг
Монголын гаалийн татвар=24.168.375 төгрөг
Бүгд=184.633.375 төгрөг болж байна. 772.000.000-184.633.375=587.366.625 төгрөгийн ашиг гарчээ. Ёстой л хэд нугарах бизнес гэгч л болж байх шиг байна.
Уг хашлагыг гаднаас худалдан авах бус дотооддоо үйлдвэрлэх боломжтой байсныг Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооныхон хэлж байна. Тус холбооны тэргүүн Ц.Цэрэндаш “Үндэсний метал хийц, хуванцар эдлэлийн компаниуд импортоор худалдан авсан үнээс 20-50 хувиар доогуур үнээр үйлдвэрлэн нийлүүлэх бүрэн боломжтой” байсныг хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Үүнээс гадна Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй компани олон улсын стандартад нийцсэн төмөр хашаа, хайс үйлдвэрлэдэг. Гэтэл уг ажлын тендерт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд бүртгэлтэй “Даян байгаль” гэх цорын ганц компани оролсон нь ард иргэдийн сэжгийг төрүүлж байгааг нуух юун. Хамгийн сонирхолтой нь, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан ёсны цахим хуудас дээрх мэдээлэлд “Даян байгаль” ХХК-ийн оролцсон тендерүүд дунд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан уг тендерийн нэр дурдагдаагүй байна. Тэгэхээр тендерт албан ёсоор оролцоогүй байх магадлалтай аж. Иймээс энэ асуудлыг АТГ шалгах ёстой. Үүний ард эрх мэдлээ урвуулан ашиглах, нэг компанид давуу эрх олгох, хууль бусаар мөнгө завших зэрэг асуудлууд зэрэг зэрэг хөндөгдөх магадлалтай юм.