ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр ""Тэг хувийн эдийн засаг сэргэх шатандаа орж, ажиллахгүй байсан кран ажиллаж, хүнгүй байсан ресторанууд үйлчлүүлэгчээр дүүрч, эдийн засгийг 8 хувьд хүргэхийн тулд Засгийн газар нэлээдгүй олон саад бэрхшээлийг даван туулсан болохыг онцлохгүй байж чадахгүй нь. Учир нь бид юмыг амархан мартдаг. Ийм нөхцөл байдал дахин ирж болзошгүй байна. Эмзэг эдийн засагтай амаргүй үед байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Үүнийг ААН-үүд, ард иргэд 2016 оны эхэн үеийг мартаж болохгүй. Тиймээс Засгийн газар ил тод ажиллах ёстой гэж бодож байна.
2015 оны Ил тодын тухай хууль, банкны салбарт улс төр хутгалдаж, тус салбар бизнес рүү хутгалдан орж, хууль шүүх шударга ажиллаж чадахгүй байгаагаас болж Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байсан. Одоо ч ийм нөхцөл байдал арилаагүй явж байгаа. Хэрвээ бид саарал жагсаалтад орсон бол иргэдийн долларын карт гадаад улсад уншигдахгүй болж, валютын ханш одоогийнхоос 2-3 дахин өсч, ААН-үүд бизнес эрхлэх боломжгүй болох байсан.
Эрдэнэтийн 49 хувь, Стандарт банкны асуудлыг хурцаар гаргаж байгаа нь үүнтэй холбоотой. Бид олон улсын санхүүгийн байгууллага болох ОУВС-д ил тод гэдгээ нотлох уу эсвэл аль нэгэн ААН-ийг хаацайлж байгаад улсаараа дампуурах уу гэсэн хоёр салаа замын уулзвар дээр байсан. Одоо ч энэ нөхцөл байдал үргэлжилж байна. Монгол Улс нийт 29 тэрбум ам.долларын өрөнд орсон байсан. Үүнийг шат шатандаа төлж байгаа.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны гол хэлэлцэх ёстой асуудал бол концессын гэрээний асуудал байлаа. Концессын нийт 20 орчим гэрээ хийгдсэн байсан нь ихэнхдээ Засгийн газарт шууд өрийн дарамт болохоор байсан. Иймд хуралдаанаар зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэж үзэж болохуйц гэрээнүүдийг авч үлдээд бусад концессын гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргасан. Жишээлбэл, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын концессыг цуцалсан. Учир нь аж ахуйн нэгж нь үүргээ биелүүлэхгүй маш их удсан болохыг та бүгд мэдэж байгаа байх. Мөн Дорноговь аймгийн Сайншандын Дэлгэрэх сумын 130 км авто зам болон сургууль, цэцэрлэгийн барилгын багц концессыг цуцалсан.
Харин стратегийн ач холбогдолтой төслүүдийг үргэлжлүүлнэ. Жишээ нь, Сэлэнгийн газар тариалангийн чиглэлиийн 120.85 км замыг үргэлжлүүлнэ. Барих, ашиглах концессын гэрээг дахин хийхгүй" гэлээ.