Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал бодлоо илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Төрийн албан хаагчдын үүрэг, хариуцлага шударга бус байна. Зөрчлийн хуулиар иргэд, аж ахуйн нэгж 200 сая хүртэлх төгрөгөөр торгуулна, баривчлуулна, эд хөрөнгийг нь хураана, шийтгүүлнэ гэсэн тодорхой заалттай. Гэтэл төрийн албан хаагч нар ямар нэгэн алдаа дутагдал гаргавал ажлаасаа л халагдах юм шиг байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр би тэднийг өргөдлөө өгөөч л гэж гуйх юм шиг байна. Яагаад ийм өөрчлөлт оруулж байгаа юм бэ?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндсэн хуулиар уг асуудлыг зохицуулж өгч байгаа. Төрийн албан хаагчдад илүү эрх олгохгүй. Иргэд, аж ахуйн нэгж болон төрийн албан хаагчдийн эрх, үүрэг харилцан эрх тэгш байхаар тусгаж өгсөн байгаа. Мөн хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал руу түлхүү оръё гэж шийдээд 50 хоног хуралдах заалтыг 75 хоног болгож өөрчилсөн. Ингэснээр илүү чанартай хуралдаж, хуулийн хэрэгжилтэд ч хяналт сайн тавих боломжтой болж байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Үндсэн хуульд Монгол Улсын хүн бүр тэгш эрхтэй гэж заасан. Гэхдээ өнгөрсөн 27 жилд хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байсан уу гэвэл үгүй. Хууль дээдлэх зарчмаараа бид дэлхийд нэлээд хойгуур орж байгаа. Ард түмний нэг хэсэг нь хуулийн дээр амьдарч, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдардаг улс орон болж хувирчээ. Судалгаанд оролцогсдын 80-90 хувь нь Монголд шударга ёс байхгүй гэж байна. “Аливаа шүүх эцсийн дүндээ хүний эрхийг хамгаалах хууль зүйн баталгаа байх ёстой” гэсэн Чимэд гуайн үг бий. Тэгэхээр Монголын шүүх 3.2 сая хүнийхээ баталгаа болж чадсангүй. Иймд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэрхэн хараат бус, шударга, ёс зүйтэй, мэдлэг чадвартай шүүгчтэй шүүх байх вэ гэдэг асуудлыг тавих ёстой. Сүүлийн үед сэтгэл эмзэглүүлж байгаа олон үйл явдал болж байна. Монгол Улсын Хууль зүйн сайдаар дөрвөн удаа томилогдсон хүн Монголд шударга шүүх байхгүй, шүүх улс төрийн хараат болсон, улс төрийн захиалгаар ажиллаж байна гэж мэдэгдээд байгаа. Энэ бол их хариуцлагатай мэдэгдэл.
Монголд бүртгэлтэй 511 шүүгч бий. Үүнээс 376 шүүгчтэй холбоотой 234 гомдол гарсан. Энэ нь тэдгээр шүүгчийн шийдвэрлэж байгаа 2 хэргийн нэгд нь гомдолтой үлддэг гэсэн үг. Ийм байж Монголд шударга шүүх тогтоож чадах уу? Шүүгчдийн ХОМ-ийг жил бүр зарладаг. Тэд хамгийн их хөрөнгөтэй, хамгийн өндөр хадгаламжтай. Энэ хөрөнгө хууль ёсных байж чадаж байна уу гэдгийг шалгах ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Нийгэмд хүлээлт үүсгэж, олон парламент дамжин хэлэлцэгдэж буй энэхүү хуулийн төслийн шүүсийг сайн шахаж ажиллах ёстой. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн суурь баталгаа болж, үүн дээр нэмээд бусад органик хуулиудын өөрчлөлтүүд үндэслэгдээд явах ёстой. Иймд Үндсэн хуулийн асуудал дээр долоо хэмжиж нэг огтлох ёстой.
Мэдээжийн хэрэг суурь зарчим маань өөрчлөгдөхгүй ч бид Монгол хүний хөгжлийг дэмжих суурь концепцийг ямар нэгэн байдлаар тусгаж өгөх бололцоотой юу гэж асуумаар байна.
Мөн эдийн засгийн хөгжлийг суурь болгон авч явахдаа юуг анхаарах ёстой вэ?
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: 1991 онд Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед Ц.Цогзолмаа гишүүний ярьж байсан зүйлүүдийг иргэд, олон нийт хэлж байсан. Монгол хүний үнэт зүйл юу байх вэ гэдэг асуулт гарч ирж байсан. Энэ бүрийг тал талаас нь хэлэлцэж байгаад хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төр ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан үнэлнэ гэж заасан. Үүнд Монгол хүний хөгжил, үнэт зүйлийг зүйл зүйлээр заагаад өгсөн байгаа. Ийм учраас бусад асуудлаа нарийн судлах шаардлагатай тулгарч байна. Ганцхан ёс зүй гэдэг үг л дурдагдаагүй. Тэрийг төрийн алба дээр уяад өгчихвөл яасан юм бэ саналыг ажлын хэсгийнхэн бодолцож байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ажлын хэсэгт Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатууд, бага хурлын гишүүд, үе үеийн УИХ-ын гишүүдийн төлөөлөл, Үндсэн хуулийг дагнан судлаж буй эрдэмтэн судлаачид багтсанд сайшаалтай байна. Та бүхэн анх Үндсэн хуулийг боловсруулж, батлахдаа улс орон, нийгмээ өнөөдөр ийм түвшинд хүрчихнэ гэж төсөөлөөгүй байх. Яагаад ийм байдалд хүрчихэв ээ.
Би бол энэ улстөрийн засаглалын том эрх мэдэлтэй намуудын дампуурлын үр дүн гэж бодож байна. Тэд Үндсэн хуулиар хамгаалагдаад л байгалийн баялгийг цөлмөөд байж байна. Нийгэмд баян, ядуугийн зааг хэтэрхий зөрүүтэй болчихлоо. Ард иргэдэд ямар ч урам зориг алга. Тэдний эрх, үүргийг эрх мэдэлтнүүд монополдоод авчихаж байгаа юм чинь. Авч байгаа цалин нь дэлхийн улсуудаас 3-5 дахь бага, гурван хүн тутмын нэг нь ядуу. Үндсэн хуулийн суурь зарчим ганхсан байна. Хэрэгжүүлдэгсэн бол өнөөдөр Монгол Улсад 600 гаруй хууль байна.
АИХ-ын депутат Ц.Товуусүрэн: Үнэхээр Үндсэн хуулийг баталж байх явцад сайн сайхныг бодож байсан болохоос ийм байдалд орчихно гэж бодоогүй нь үнэн. Олон асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдэж, зөв голдиролд нь оруулаад явах боломж байса. Энэ бол үе үеийн парламент, гишүүдтэй холбоотой нь үнэн. Гэхдээ Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлт нь манай том байшингийн сууринд гэмтэл үүсгэсэн. Түүнээс хойш өнөөг хүртэл бараг 20 жилийн турш ярилаа. Сүүлийн гурван парламентаас уг гэмтлийг засъя гэсэн санал санаачлага гараад байгаа. Тиймээс цаашаагаа сайн явахын тулд гэмтлүүдээ засаж явах шаардлагатай. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийт ард түмэн дэмжинэ гэж итгэж байна.
Хуульч Б.Гүнбилэг: Монгол Улсын Үндсэн хууль шавхагдаагүй, нөөц боломж ихтэй байгаа. Нийгэмд асуудалд үүсгээд буй уул уурхайн асуудал, үүнээс улбаалсан нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтыг огт хэрэгжүүлээгүй. Үүнийг улстөрчид төсвөө батлахдаа болон нийгэм, эдийн засгийн бодлогыг зохицуулахдаа огт авч хэлэлцээгүй. Энэ талаар ямар ч ойлголт байхгүй гэж хэлж болно. Хуульчдын зүгээс энэ асуудлаар цэцэд хандаж байсан тохиолдол байдаг. Харамсалтай нь энэ талаар нийтээрээ соён гэгээрээгүй. Тэрнээс биш Үндсэн хуулиас огт болоогүй. Анх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо ард түмнийг дугаарлуулж, хэн том биетэй нь эхэлж лиценз авсан бүдүүлэг аргаар хяналтаа алдсан. Энэ бол ердийн хуулийн алдаа. Үндсэн хууль одоогийн байдлаараа хэрэгжих боломжтой. Үндсэн хуулиа өөрчлөхөөс өмнө Үндсэн хуулийг хэрэгжүүлж байгаа иргэдээ соён гэгээрүүлэх том давалгаа хийгээч гэж Бираагийн Чимэд багш хэлсэн байдаг. Үүнийг одоо бодох ёстой.