“Токио-2020”-ийн хөтөлбөрт анх удаа багтсан сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр тивдээ төдийгүй дэлхийд өнгөлөх хэмжээнд өрсөлдөж яваа монгол тамирчид олимпын эрх авахад тун ойрхон байгаа. Олимпын эрхийн оноогоо ахиулах тэдний эхний дайралт нь Нидерландын Амстердам хотод өнөөдөр эхлэх насанд хүрэгчдийн ДАШТ. Тус тэмцээнд Монгол Улс анх удаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн багаа сойсон.
Дэлхийн дэвжээнд манай эрчүүд хоёр, бүсгүйчүүд анх удаа тоглож байгаа юм. Энэ жил Азийн АШТ-д гурав дахиа шигшээд шалгарсан, тус тэмцээний хоёр алт, нэг мөнгөн медальтай эрэгтэйчүүдийн багийнхан хэсэгтээ ОХУ, Эстони, Пуэрто-Рико, Украины сагсан бөмбөгчидтэй учраа таарчээ. Ц.Отгонжаргал, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн нараар багаа бүрдүүлсэн тэд маргааш ОХУ-ын тамирчидтай тоглоно.
Энэ жил Азийн шилдэг дөрвөн багийн нэг болж, хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн гран прид анх удаа оролцохдоо VI байрт шалгарсан Монголын эмэгтэйчүүдийн багийнхан өнөөдөр Иран, Румыны тамирчидтай, маргааш Чех, Испанийн сагсан бөмбөгчидтэй өрсөлдөнө. Манайхан Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нараар багаа бүрдүүлсэн юм.
Зургаа дахь удаагийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд Сербийн тамирчид таван удаа түрүү булаалдахдаа дөрөвт нь хожсон. Катарын баг 2014 онд дэлхийн аварга болохдоо тэдний амжилтад завсар оруулсан юм. Эмэгтэйчүүдээс дэлхийн хошой аварга болсон ганцхан орон байдаг нь америкчууд. Оросын сагсан бөмбөгчид хамгийн олон буюу гурван удаа аваргын төлөө тоглон, нэг алт, хоёр мөнгөн медаль авч байжээ. ДАШТ энэ сарын 23-нд өндөрлөж, аваргаа тодруулна.