УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. “Юнившн”, “Скаймедиа” зэрэг IPTV хэмээх тодотголтой компаниуд, арилжааны телевизүүдийн хоорондын төлбөр, мөнгөтэй холбоотой маргааныг уг хуулиар зохицуулна хэмээн найдаж буй. Тус хуралдааны үеэр ч эл сэдэв хөндөгдөв. Гэхдээ тэгж, ингэж зохицуулна гэх тодорхой хариулт өгсөнгүй. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг дөнгөж хэлэлцэж эхэлж байгаа учраас цаашид талуудын төлөөлөл хамтран ярилцаж, хэн хэндээ зөв шийдвэр гаргана гэж найдаж буйгаа гишүүд төдийгүй албаныхан хэлж байлаа. Тухайлбал, Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг “Ажлын хэсэгт IPTV болон арилжааны телевизүүдийн удирдлага орсон. Хэлэлцүүлгийн шатанд талууд ярилцаж, хэн хэнийхээ хувьд нааштай шийдвэр гаргах боломжтой” гэсэн бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “УИХ уг төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болбол ажлын хэсэг байгуулах төлөвлөгөөтэй байна.
Тэгвэл нэг ширээний ард сууж, асуудлаа ярилцан ойлголцох байх” хэмээв. Эл төслийг Засгийн газраас санаачлан боловсруулсан юм. Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүн Н.Энхболд “Хэрэв би буруу санаагүй бол контент үйлдвэрлэгч нар дамжуулж, нэвтрүүлж буй телевизүүдээс мөнгө авна гэсэн асуудал маргаан үүсгэсэн. Үүнийг Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгаад тэдний орлогоос нь мөнгө авахгүйгээр тарифыг нь дээр нь үнэ нэмэх санал гаргаж байсан” хэмээн тодотгож байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүн О.Содбилэг “Сүүлийн үед МҮОНТ-ээр Колумбын хар тамхины наймаачны тухай кино гаргаж байгаа нь зохимжгүй хэмээн шүүмжлэх боллоо” гээд телевизүүдийн контентын агуулгад уг хуулиар хяналт тавих боломжтой, эсэхийг тодруулахад, Харилцаа, холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Н.Тогтохсүрэн “Одоогоор манай хороо дээрх хуулийн хүрээнд контентын агуулга гэхээс илүүтэй телевизүүдийн техник, технологид хяналт тавин ажиллаж байгаа. Өргөн нэвтрүүлэг бол маш онцлогтой мэдээллийн хэрэгсэл. Хөгжлөө дагаад олон телевиз шинээр нээгдэж байгаа. Эдгээр телевиз нь үндэсний эрх ашгийг яаж хамгаалах, хүүхдийг зохисгүй агуулгаас хэрхэн ангид байлгах вэ гэхчлэн хөтөлбөрийн агуулгыг хянах хэм хэмжээг нарийвчлан тогтоосон хуулийн заалт одоогоор алга. Харилцаа, холбооны тухай хуулийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байгаа. Цаашид уг хуулийг баталснаар монгол контентоо түлхүү дэмжих, нийтийн эрх ашигт нийцсэн нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх, хүүхдэд юу үзүүлж болох, болохгүйг тодорхой түвшинд зааж, хянах боломж бүрдэнэ” гэсэн бол сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол контентоо үнэд хүргэнэ. Өнөөдөр гадаадын олон ангит киног хямд үнээр гаргаж байгаа. Хэвлэлийн санхүүгийн хараат бус байдал ч үүнтэй холбоотой. Телевизүүд эфирийн цагаа хэмнэхийн тулд ихэнхдээ солонгос кино гаргадаг нь эрх зүйн орчин байхгүйтэй холбоотой юм. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн контент үйлдвэрлэдэг болох нь чухал” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Түүнчлэн телевизүүдэд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, цаашлаад төрийн бодлогоор тоог нь цөөлөх нь зүйтэй гэх саналыг гишүүдийн зүгээс хэлж байлаа.