Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/439 дугаартай захирамжийн дагуу Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтыг мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотой шинэчлэх, шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлох зорилгоор зураг төсөл боловсруулах уралдааныг өнгөрсөн сарын 15-29-ний өдрийн хооронд явууллаа. Уралдаанд нийт 16 баг оролцож, шинэлэг, бүтээлч олон санааг дэвшүүлсэн бүтээл ирүүлжээ.
Уралдаанд оролцож буй багуудын ирүүлсэн бүтээлд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын http://uda.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан тав хоногийн хугацаанд иргэд, олон нийтийн саналыг авсан бөгөөд нийт 15563 иргэн саналаа өгсөн байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс хуралдан уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгч, иргэд олон нийтийн саналыг нэгтгэн дүгнэж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан байна. Шилдгээр шалгарсан ААН-үүдэд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр нар өнөөдөр шагналыг нь гардуулав.
Тэргүүн байранд “Төвшингүүд Констракшн” ХХК багийн төсөл шалгарч өргөмжлөл, 20 сая төгрөгөөр шагнууллаа. Тэргүүн байранд шалгарсан багийн гол үзэл санаа нь 2.5 га талбайд төлөвлөж буй тохижилтыг Улаанбаатар хотын ногоон байгууламжийн босоо тэнхлэгийн гол үзэл санааг үргэлжлүүлж, одоо байгаа хашаа хайс бүхий хайрцагласан, тэгш өнцөгт огтлолцсон явган зам бүхий орчинг задлах, нийтийн нээлттэй орон зайг нэмэгдүүлэх, иргэдийн амрах зугаалах, жилийн дөрвөн улирлын онцлог байдалд тохируулан зохистойгоор ашиглах, нэн шаардлагатай автомашины дулаан зогсоол, агаар орчны хуурайшилт, бохирдол, явган болон автомашины хөдөлгөөний түгжрэл, аюултай бөгөөд төвөгтэй байдлын олон асуудлыг шийдсэн, таатай орчинг хотын төв цэгтээ бий болгохыг зорьсон байна.
“Төвшингүүд Констракшн” ХХК-ийн захирал А.Түвшинбаяр “Төслийн уралдааныг зохион байгуулсан нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье. Бидний зүгээс төв талбайн урд талын тохижилтын ажлыг нийслэлийн билэгдэл хангардиас санаа авч хийсэн. Ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар авто машины зогсоолтой байхаар шийдсэн. Усан ориглуур нь хурын усыг дахин ашиглахаар шийдсэн. Цаашид Улаанбаатар хотын олон байршилд хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн үзэл санааг хадгалсан, шинэ техник технологи ашигласан, дэлхийн хотуудын жишигт хүрсэн, дотоод гадаадын аялагч, зочид гийчдийн нүдийг хужирласан өвөрмөц архитектурыг үндэсний мэргэжилтэнгүүдтэй хамтарсан бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцохоо энэ дашрамд илэрхийлье” хэмээлээ.
Шагналт байруудад “Кью Эл Скейл” ХХК, “Эн Эс Партнерс” ХХК багийн бүтээлүүд шалгарч, өргөмжлөл, 5 сая төгрөгөөр шагнуулав.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Уралдаанд мэргэжлийн байгууллагуудаас гадна оюутан залуусыг оролцуулах бүхий л боломжийг нийслэлийн зүгээс хангасан. Бидний тавьсан шаардлагыг хангасан 16 бүтээл ирсэн. Бүтээлүүд дээр олон нийтийн саналыг нээлттэйгээр авсан байгаа. Ажлын хэсгийн саналаас гадна 15 мянга гаруй иргэн саналаа нээлттэйгээр өгсөн. Төв талбайн урд хэсгийн тохижилтын ажилд та бүхний энэ гаргасан санаа шууд тусах болно. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье” хэмээв.