Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Нам АНУ-ын ТТГ-ын мэдээлэгч байсан байж магадгүй талаар “The Wall Street Journal” сонин өөрийн эх сурвалжийг дурдан нийтэлжээ. Ким Жон Нам болон ТТГ-ын хооронд “холбоо байсан” бөгөөд тэрээр нэг биш удаа тус байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж байсан тухай эх сурвалж мэдээлсэн байна. 2017 онд Куала-Лумпурын нисэх буудалд бусдын гарт хорлогдохдоо Ким Жон Нам ТТГ-ын холбоотой байдаг төлөөлөгчтэй уулзахаар явж байжээ.Үүнээс гадна тус сонин Умард Солонгосын удирдагчийн талийгч ах Америкийн тусгай албаныхантай холбоотой байсныг “The Washigton Post” сонины сэтгүүлчийн өнөөдөр /2019.06.11/ хэвлэгдэн гарах номд тодорхой бичсэн тухай дурджээ. Ким Жон Нам БНАСАУ-ын өмнөх удирдагч Ким Жон Ирийн өмнөх эхнэр жүжигчин Сон Хе Римээс төрсөн ууган хүү нь юм. Нэг үе тэрбээр эцгийгээ залгамжлах тус улсын ирээдүйн удирдагч хэмээн яригдаж байсан ч 2001 онд Япон улс руу хуурамч паспортоор нэвтрэх гэж оролдсоны дараа нэр төр нь унажээ. Түүнээс хойш Ким Жон Нам хийлийн чанадад буюу Макаод амьдрах болсон аж. 2017 оны 2-р саын 13-нд Малайзын нисэх буудалд үл таних хоёр эмэгтэй нүүр рүү нь мэдрэлд нөлөөлдөг бодис цацсаны улмаас Ким Жон Нам нас барсан юм. Тэдгээр хоёр эмэгтэйн нэг болох Индонезийн иргэн Сити Айсиа гэгч нь буруугүйд тооцогдон харин хоёр дахь бүсгүй Вьетнамын иргэн Доан Тхи Хуонг хүний эрүүл мэндэд үхэлд хүргэх хохирол учруулсан зүйл ангиар шийтгүүлэн 3 жил хорих ял авсан аж.