Өчигдөр /2019.06.09/ Казахстанд ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө.Урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Токаев нийт саналын 70 гаруй хувийг авсан бол түүнд хамгийн ойрхон санал авсан нэр дэвшигч 15 хувьтай Амиржан Косанов байжээ Энэ удаагийн сонгуулийн ирц 77 хувь байсан нь Казахстаны түүхэнд ховор тохиолдол юм. 2015 онд болсон ерөнхийлөгчийн сонгууль 95 хувийн ирцтэй болж, нийт сонгогчдын 98 хувь нь Назарбаевыг сонгож байжээ. “BBC” агентлагийн сэтгүүлчийн тэмдэглэснээр өмнөх Ерөнхийлөгч Назарбаевын сонгосон хүн сонгуульд ялах нь эхнээсээ тодорхой байсан ажээ. Сонгуулийн өдөр Нур-Султан, Алматы хотуудад “хуурамч” сонгуулийг эсэргүүцсэн олон мянган иргэдийн хөдөлгөөн өрнөсөн нь сүүлийн 30 жилд тохиогоогүй том тэмцэл байжээ. Өчигдөр орон даяар нийт 500 орчим тэмцэгчийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан, радикал үйлдэл гаргасан шалтгаанаар баривчилснаа тус улсын дотоод хэргийн яам мэдээлсэн байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд хэд хэдэн сэтгүүлчид байжээ. “ФрансПресс” агентлагийн сэтгүүлч Крис Риклтон “Твиттер” хуудсандаа “Намайг мэргэжлийн үүргээ гүйцэтгэн явж байхад минь баривчиллаа. Нүдэн доорх хөхрөлт бол хуулийн байгууллагынхны бүдүүлэг харьцсаны үр дүн. Гэхдээ намайг санаатайгаар зодоогүй. Намайг баривчлах явцад би цагдаагийн ажилтны өвдгийг мөргөж унасан. Миний магадлан итгэмжлэлийг харааж авлаа” гэж бичиж зургаа тавьсан байна.