Монголын дипломат ажилтнууд гадаад улсад 70 кг хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан талаар ГХЯ-наас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр ХБНГУ-ын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор манай улсын дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай автомашиныг саатуулсан. Шалгах явцад 70 кг героин төрлийн мансууруулах бодис илэрсэн. Энэ хэрэгт холбогдуулан Герман улсын тал Истанбул дахь Ерөнхий консулын газрын нэг дипломат ажилтан, жолооч нар явж байсан гэсэн мэдээлэл ирүүлсэн. Энэ мэдээллийг авсан даруйдаа бид холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа.
ГХЯ-наас уг хэргийг нуусан зүйл огт байхгүй. Хилийн чандад гэмт хэрэгт холбогдож байгаа монгол иргэдийн талаарх мэдээллийг гадаад улсад байгаа элчин сайдын 43 яам, консулын газраар дамжуулан авдаг. Авсан даруйдаа холбогдох арга хэмжээг авч, ар гэрийхэнд нь мэдэгддэг. Консулын харилцааны конвенцийн дагуу суугаа улсын хууль, хяналтын байгууллага манай улсын иргэнийг саатуулсан тохиолдолд ЭСЯ-нд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Энэ дагуу Берлин дэх ЭСЯ-нд мэдэгдээд, бид мэдээллийг авсан. Гэхдээ авчихаад олон нийтэд мэдээлдэггүй. Учир нь ар гэрийхэн нь хүсэлтээр хувь хүний нууцыг хадгалдаг. Хоёрдугаарт, хэргийг хянан шийдвэрлэх явц үргэлжилж тул гадагш задруулах ёсгүй байдаг. Тэрнээс биш дарга нарын хүүхэд гээд хаацайлж байгаа хэрэг биш" гэв