Монголчууд багийн спортын төрлөөр дэлхийд өрсөлдөх хараахан болоогүй, олимпоос медаль хүртэх хэмжээнд хүрээгүй гэх гутранги үзэлтэй зарим хүний бодлыг өөрчилж, анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж яваа тамирчид бол сагсан бөмбөгийн 3х3 төрлийнхөн. Тэд Азийн АШТ-д түрүүлж, үзүүрлэн, “Их дуулга”, гран при ангиллын тэмцээнээс медаль тогтмол хүртэн, монголчуудаас анх удаа ДАШТ-д оролцсон. Түүгээр ч үл барам “Токио-2020” олимпын эрх авахын төлөө зүтгэн, түүндээ хүрэхэд тун ойрхон явна.
Тэгвэл 18 хүртэлх насны ангиллын ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах эрх авч, өчигдөр Улаанбаатар хотод эхлүүлсэн нь яах аргагүй түүхэн үйл явдал. Учир нь багийн спортын төрлөөр дэлхийн шилдгүүд Монголд анх удаа өрсөлдөж байгаа нь энэ. ДАШТ-ий үеэр “Улаанбаатар-2019” гран при, 23 хүртэлх насны ангиллын үндэстнүүдийн лигийн тэмцээн зохион байгуулж байгаа юм.
Чансаагаараа дэлхийд тэргүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг хүч сорьж буй ДАШТ-ий нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийг хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер тэргүүтэй хүндэт зочид оролцон, тамирчдад амжилт хүслээ. Тэмцээний эхний өдөр Казахстан Киргизийг, Египет Шри Ланка улсыг, ОХУ Украиныг хожсон тоглолт олны сонирхлыг ихэд татав. ДАШТ-ий нээлтийн өмнө болсон эмэгтэйчүүдийн ур чадварын тэмцээнд Монголоос Э.Энэрмаа өрсөлдсөн ч хоёрдугаар шатанд шалгарч чадсангүй.
Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан С хэсэгт АНУ, Беларусь, Латви, Гүржийн сагсан бөмбөгчидтэй, бүсгүйчүүд мөн С хэсэгт Франц, Нидерланд, Филиппин, Чехийн тамирчидтай учраа таарсан. Сонины дугаар шилжих мөчид манай эмэгтэй багийнхан филиппинчүүдтэй өрсөлдөж байлаа. Тэд өнөөдөр Нидерланд, Францын багтай тоглоно. Харин эрчүүд Латви, Беларусийн багтай хүч сорих хуваарьтай.
Өнгөрсөн жил залуучуудын олимпод оролцсон туршлагатай, Азийн АШТ-ий хүрэл медальтай Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү, дээд лигийн хүрэл медальтай, өсвөр үеийн УАШТ-ий найман түрүүтэй, шилдэг тоглогчоор долоон удаа шалгарсан Энхийн-Од (16 настай, 201 см өндөр, 75 кг жинтэй), Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, 21 аймгийн үндэсний лигийн аварга, өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай, шилдэг тоглогчоор нэг удаа шалгарсан Пэрэнлэйжанцан (17 настай, 198 см өндөр, 96 кг жинтэй), өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, шилдэг холбогчоор шалгарсан Л.Авирмэд (18 настай, 190 см өндөр, 75 кг жинтэй), өсвөр үеийн УАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай, шилдэг тоглогчоор хоёр удаа шалгарсан А.Батхуяг (18 настай, 180 см өндөр, 80 кг жинтэй) нар тоглож байна.
Харин манай эмэгтэйчүүд А.Энхтуул (18 настай, 180 см өндөр, 65 кг жинтэй), Б.Цэлмэг (18 настай, 178 см өндөр, 67 кг жинтэй), Б.Ариунцэцэг (18 настай, 180 см өндөр, 60 кг), Э.Энэрмаа (18 настай, 170 см өндөр, 58 кг жинтэй) нараар багаа бүрдүүлсэн юм. ДАШТ энэ сарын 7-нд дуусаж, аваргаа тодруулна.