Монголбанкнаас зарласан дундаж ханшаар ам.доллар өчигдөр 2649.36 төгрөгтэй тэнцэв. “Ногоон”-ы ханш дөрөвдүгээр сараас хойш аажмаар чангарсаар байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын эхээр Төвбанкнаас зарласан ам.долларын ханш 2631-2632 төгрөгт хэлбэлзэж байсан юм.
Хоёр сар орчмын хугацаанд ийнхүү 18 төгрөгөөр чангарсан хэрэг. “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2651-ээр авч, 2654 төгрөгөөр борлуулж байлаа. Ам.долларын ханш хоёр, гуравдугаар сард бараг хэлбэлзэлгүй, тогтвортой байсан юм. Энэ үед ченжүүд 2640 орчим төгрөгөөр борлуулж байсан.
“Найман шарга”-ын ченжүүд “Иргэд, аж ахуйн нэгжүүд сүүлийн үед ам.доллар зарах нь ховор байна” гэж ярив. Харин зах зээлд юанийн ханш сулраад байна. Ченжүүд өнгөрсөн сарын 1-нд нэг юанийг 396 төгрөгөөр борлуулж байсан бол өдгөө 383.5 төгрөг байна.