БНХАУ-ын мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл энэ өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. Тэд манай гурилын 12 үйлдвэрийн үйл ажиллагааны стандарт, тоног төхөөрөмжтэй танилцаж, хянан магадлагаа хийх аж. Ингэснээр тэдний шалгуурт нийцсэн үйлдвэрүүдэд урд хөршид гурил экспортлох эрх олгох гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Улаанбаатар гурил”, “Хөвсгөл алтан дуулга”, “Өсөг”, “Дархан гурил тэжээл” зэрэг компани гурил экспортлох сонирхолтойгоо илэрхийлж, үйлдвэртээ хянан магадлагаа хийлгэхээр болжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа.
Саяхан гурил үйлдвэрлэгчдийг урьж, хаалттай хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Зөвхөн гурилын ч биш, махны экспортыг зохицуулахын тулд журамд нэмэлт, өөрчлөлт оруулж буй аж. Тухайлбал, гар аргаар бэлтгэсэн мах экспортлохыг хориглож, үйлдвэрийн аргаар боловсруулсныг гадаадад гаргах зохицуулалт хийх гэнэ.