Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга хүнд, түүний дагуу зохиосон сурах бичгүүд нь найруулга муутай, үг сонголт оновчгүй, зөв бичих дүрмийн алдаатай, хичээлүүдийн агуулга хоорондоо давхацсан, зарим сэдэв ойлгомжгүй, цагтаа багтдаггүй талаар бид цувралаар нийтэлж буй билээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэргэжлийн баг томилж, цөм хөтөлбөрийн агуулгад тандалт хийлгэсэн үр дүнгээ нийслэл, орон нутгийн 120 гаруй багш, боловсролын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачидтай хэлэлцлээ. Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, багш, сурагчдын ачааллыг бууруулахын тулд I-XII ангид заадаг 4221 суралцахуйн зорилт буюу шинэ сэдвийн тоог 3445 болгож, цөөлсөн байна. Ингэснээр нэг сэдэв хичээлийг заах цаг нэмэгдэж байгаа аж. Тус хэлэлцүүлгийн үеэр хичээлүүдийн агуулгыг нэгбүрчлэн ярилцаж, зарим давхардлыг хасжээ.
Мөн хүндэдсэн агуулгуудыг энгийн болгох, хүүхдүүдийн танин мэдэхүйн түвшин, нас, сэтгэхүйн онцлогт тохируулж, зарим хичээлийн сургалтын хөтөлбөрийн багтаамжийг цомхотгон, хэл найруулгын хувьд ойлгомжтой болгосон гэнэ. Түүнчлэн цагтаа зааж амждаггүй сэдвүүдийг гэрийн даалгаварт өгдөг нь сурагчдад ачаалал нэмдэг тул ирэх есдүгээр сарын 1 гэхэд эдгээр асуудлыг шийднэ гэдгээ салбарын яамныхан хэлэв.