“Аэрофлот” компанийн Москва-Улаанбаатарын чиглэлийн “Аэробус-А320” онгоцонд зодолдсон монгол зорчигчдын нэр бидэнд тодорхой боллоо. Туркийн Истанбул хотоос ОХУ-аар дамжин өнгөрч байсан тэднийг Г.Төмөр, Н.Алтангэрэл, А.Бэгзсүрэн гэдэг юм байна. Тэд нисэх онгоцны “Шереметьево” буудлаас дээрх онгоцонд суухдаа бага зэрэг халамцуу байсан аж. “Манай онгоцонд согтууруулах ундаагаар үйлчилдэгг үй. Тэд онгоцонд архи нэмж уугаагүй. Өндөрт согтууруулах ундаа газарт байгаагаас илүү хүчтэй үйлчилдэг. Тиймээс онгоцонд суухаасаа өмнө уусан архи нь үйлчилсэн бололтой юм.
Залуус гэнэт л хэрэлдээд зодолдож эхэлсэн юм билээ. Онгоцны үйлчлэгчид, нисэх багийнхан тэдэнд удаа дараа шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй гэсэн. Зорчигчдоос нэг монгол хүн тэдэнтэй ярилцсан боловч үгэнд нь ороогүй байна. Тиймээс нислэгийн аюулгүй байдлыг хангах, хүмүүсийг тайван зорчуулах үүднээс онгоцны багийн дарга Пермь хотын нисэх буудалд онгоцоло газардуулж, танхайрсан залуусыг нисэх буудлын цагдаагийнханд хүлээлгэж өгчээ” хэмээн “Аэрофлот” компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Д.Б.Бурнинов ярив. Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцонд халамцуу зорчигч явсан тохиолдол урьд өмнө гарч байжээ.
Харин дээрх явдал онгоцонд зодолдсон анхны тохиолдол болсон байна. Пермь хотын нисэх буудлын цагдаагийн ажилтнууд манай гурван иргэнээс байцаалт авсны дараа тэдний талаар ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд мэдэгдэн, хэргийг шалгуулахаар Москва руу явуулжээ. “Аэрофлот” компанийн төлөөлөгчийн газрын тэргүүн Д.Б.Бурниновоос зарим зүйлийг тодруулав.
-Онгоц саатсанаас болоод танай компанид хэдий хэмжээний хохирол учирсан бол?
-Зорчигчдыг олон цаг саатуулсан болохоор хохирол учирсан гэдэг нь тодорхой. Манай онгоц маргааш нь Москвад очоод өөр чиглэлд нисэх байсан. Тэр чиглэлийн зорчигчид мөн хүлээсэн. Тэднийг зочид буудалд байрлуулсан, хоолны мөнгө гээд багагүй хохирол тооцогдоно.
-Учирсан хохирлыг тэр залуусаар төлүүлэх үү?
-Тэрийг би мэдэхгүй, Хууль сахиулах байгууллагынхны шийдэх асуудал.
-Залуусыг Пермьд буулгах зайлшгүй шаардлага байсан юм болов уу. Тайвшруулж байгаад “Чингис хаан” нисэх буудлын цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгч болоогүй хэрэг үү?
-Нисэх онгоцонд зодолдоно гэдэг байж болох асуудал гэж үү. Нислэгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулбал яах вэ. Энэ бол нисэх багийн даргын шийдвэр байсан.
-Тэднийг яагаад заавал Москвад шалгах ёстой юм бол?
- -Пермьд Монголын Консулын газар байдаггүйг харгалзан үзсэн байх л даа.