Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрөв. Нийслэлийн хэмжээнд 25 байршлын газрыг дахин төлөвлөх болсон билээ. Эл ажлын явцыг Орон сууцны дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргалаас тодрууллаа.
-Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлээд зургаан жил боллоо. Хэчнээн байрлалд газар чөлөөлж, барилга барив?
-Уг ажилд одоогоор 32 аж ахуйн нэгж хамрагдаж байна. Тухайлбал, ХСИС-ийн орчим “Гангар”, “Баганат өргөө” компани, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хойд хэсэгт “Цагаан хуаран”, “Зургаан тал”, “Моннис”, “Бүрд” компани төсөл хэрэгжүүлж буй.
Дахин төлөвлөлтийн хүрээнд “Бэрэн” групп “Хангай” хотхоныг барьсан. III, IV хорооллын хойд хэсэгт “Хөх сувд” хотхоныг “Грийн ресурс” компани барьж, гэр хорооллын иргэдийг орон сууцанд орууллаа. Ханын материалын комбинатын орчмыг мөн дахин төлөвлөсөн.
-Төслийн хүрээнд нийт хэдэн айлын орон сууц барихаар төлөвлөсөн бэ?
-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл 2013 оноос эхэлсэн. Нийт 89 900 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй. Одоогоор 7217 айлын орон сууц ашиглалтад оруулсан.
Энэ жил 4000 орчим айлын орон сууц ашиглалтад өгнө. Өнгөрсөн жил 2000 иргэнийг байртай болгосон. Төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш жил бүр 1000 орчим өрхийг орон сууцад оруулж байгаа.
-Дахин төлөвлөлтөд хамрагдсан цөөнгүй айл байр битгий хэл газар ч үгүй болж, гудамжинд гарсан. Тэд одоо хаана амьдарч байна вэ?
-Дэлхийн жишгээр дахин төлөвлөлтийн ажил 20-30 жил үргэлжилдэг, хөрөнгө оруулалт, хугацаа их шаарддаг. 2016 оны намар 633 өрх орон гэргүй болсон. Үүнээс болж, өндөр настай зарим хүн нас барсан, нөгөө хэсэг нь суурь өвчтэй болж, залуу гэр бүл салсан зэрэг олон асуудал үүссэн.
Хуулиар газар чөлөөлөх болон газар чөлөөлсөн иргэдийн нийгмийн асуудлыг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж хариуцдаг. Бид гурван талт гэрээг хэрэгжүүлж, иргэний эрхийг хангах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, манайх төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, тэдний иргэдтэй хийсэн гэрээг хянах л үүрэгтэй боловч шат дараатай арга хэмжээ авч өдгөө 410 айлыг орон сууцанд оруулсан. Үлдсэн 223 айлыг энэ онд багтаан орон гэртэй болгоно.