Хойд хөршийнхөн бидэнтэй адил нэг асуудалтай нь улиасны унгирал. Улиасны “хөвөн нисэх” үе ойртож байгаатай холбогдуулан орос эмч нар иргэдэд хамгаалах найдвартай арга замуудыг танилцуулсан байна. Энэ нь өндөр үнэтэй эм, тариа, зориулалтын багаж, энэ тэр биш, хүн бүрийн өргөн хэрэглээ буюу гар доорх материалаар улиасны унгиралыг “айлгах” арга юм байна. Жишээ нь, модны “хөвөн” хийсэх цагаар нарны шил зүүж хэвших нь зүйтэй. Энэ нь хамгийн хялбар, механик арга бөгөөд ингэж хамгаалснаар унгиралын нарийн тоосонцрууд нүдэнд орохгүй гэнэ. Мөн амны хаалт хэрэглэхийг зөвлөжээ. Үүнээс гадна гаднаас орж ирээд хамар, амаа бүлээн усаар зайлж, угаах нь үр дүнтэй. Нүдээ ч ийм аргаар угаагаарай. Учир нь салстад наалдсан унгирал, түүний тоосонцрыг дотогш нэвтрүүлэхгүй. Ингэж чийгтэй “цэвэрлэгээ” хийснээр харшил үүсэхээс тодорхой хэмжээнд сэргийлэх боломжтой гэнэ.