Чингэлтэй дүүргийн III хороо. “Мандухай” зочид буудлын хашааг буулгаж, явган хүний замыг чөлөөлжээ.
Өдөр ирэх тусам өнгө нэмж, өндөр барилгууд сүндэрлэж буй нийслэлд дутагдалтай зүйл олон. Сүүлийн арав гаруй жилийн дотор хурдацтай нэмэгдсэн барилгуудын балгаар машин бүү хэл, хүн ч багтах зайгүй болжээ. Улаанбаатар хотын төвд явган хүний зам бараг байхгүй болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Ганц нэг байгааг нь хашаа, хайс татан “өмчилж”, байгууллагынхаа шатыг барин, нийтийн эзэмшлийн зам, талбайг иргэдээс булааж эхэлсэн.
Ингэснээр иргэд явган хүний зориулалтын замаар зорчиж чадалгүй, авто замаар айдас дагуулан яарцгааж, бяцхан үрсээ ч сэт гэл зоволгүй явуулах боломжгүй болоод байв. Энэ бүгдийг цэгцлэхээр өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор явган хүний замыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хайс, хашааг буулгах ажил өрнүүлсэн. Уг ажил өнгөрсөн оны есдүгээр сараас эрчимжиж, иргэдэд хамгийн сүр, дуулиантайгаар мэдэгдсэн нь “Бест вестерн премьер Туушин” зочид буудлын урд талын талбайг чөлөөлж, зөвшөөрөлгүй барьсан авто зам, шатыг буулгасан.
Үүнтэй холбогдуулан “Хүний өч төчнөөн хөрөнгийг буулгачихлаа” хэмээн халаглах хэсэг хүн байхад “Ашгүй явах замтай боллоо” гэж баярлах нь ч байсан юм. Уг үйл явдлын дараагаар олон иргэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд чөлөөлөх шаардлагатай зам талбайн талаар мэдээлэл өгөх болжээ. Үүний дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд тухайн байршилд очиж, судалгаа хийн, шаардлагатайг нь буулгаж буй.
Өнгөрсөн онд гэхэд иргэдийн мэдээллийн дагуу явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэргийг чөлөөлсөн байна. Харин энэ оны хувьд явган хүний замыг чөлөөлөх ажил өнгөрсөн сарын 11-нд эхэлсэн бөгөөд одоогоор нийт 72 байршлын 117 объектыг чөлөөлжээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ц.Шижир “Энэ жил 93 байршилд 167 объект чөлөөлөхөөр ажиллаж байгаа.
Одоогоор ажлын явц 82 хувьтай байна. Бид юуны түрүүнд явган хүний болон автомашины зам, орц, гарцыг хаасан, цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой газруудыг сонгосон. Бидний чөлөөлсөн зам, талбайг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан тохижуулна. Цаашид иргэдийн мэдээлэлд үндэслэн, тухайн объектыг чөлөөлөх шаардлагатай, эсэхийг нь судална” гэлээ.
Одоогоор уг ажил нийслэлийн зургаан дүүрэгт ид өрнөж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Мандухай” зочид буудлын хашааг өнгөрсөн долоо хоногт буулгажээ. Тус зочид буудал нь авто замтай тулгаж хашаагаа барьсан байсан бөгөөд хажууд нь нийслэлийн XIX цэцэрлэг, 24, “Олонлог” сургууль байрладаг учраас сургуулийн хүүхдүүд, бага насны хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд байнга явдаг аж. “Мандухай” зочид буудлынхан хашаагаа авто замтай тулгаж барьсан нь явган зорчигчид, ялангуяа хүүхдүүдэд хүндрэлтэй, осол, гэмтэл ч олон гардаг байсан талаар оршин суугчид хэлсэн.
Баянгол дүүргийн VIII хороо. 77 дугаар сургуулийн баруун болон баруун хойд талын явган хүний замыг хааж, зөвшөөрөлгүй байрлуулсан гурван гараашийг буулгасан байна.
Харин нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан тус зочид буудлын хашааг буулгаснаар авто зам өргөсөж, явган хүний зам тавих талбайтай болжээ. Түүнчлэн Баянгол дүүргийн VIII хороонд байрлах 77 дугаар сургуулийн баруун хойд талд зөвшөөрөлгүй барьсан гурван гараашийг буулгасан байна. Өмнө нь 77 дугаар сургуулийн сурагчид хашаа, гарааш хоёрын дундуурх нарийн замаар цуваа үүсгэн явж, сургууль руугаа ордог байсан аж. Харин гараашнуудыг буулгаснаар хүүхдүүдийн сургууль руугаа явах зам нь өргөсжээ.
Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр дэх дугуйн замыг эвдэлж барилгын ажил эхлүүлсэн талаарх мэдээлэл цахим орчинд тарж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан. Тус замыг “Суруга моторс” компани “Суруга центр-2” үйлчилгээний барилгын газар шорооны ажил эхлүүлэхдээ эвдсэн аж. Өнгөрсөн долоо хоногт уг замыг засаж дууссан гэнэ. Энэ мэт ажлын үр дүнд 86 хашаа, хаалт, арван ТҮЦ, 11 гарааш, чингэлэг, хоёр бетон хаалт, найман өргөтгөлийг чөлөөлөөд буй юм байна.
Уг нь орон сууц, олон нийтийн үйлчилгээний барилга байгууламжийн хашаа нь модлог ургамлаар хийсэн хайс байх ёстой аж. Тий мээс тоосго, бетон болон эдгээр материалан суурьтай төмөр хашаанууд стандартын бус байдаг талаар Ц.Шижир өгүүлэв.