Цаг агаарын нөхцөл байдал хүндэрснээс Улаанбаатар-Хэнтий-Сүхбаатар, Дорнод, Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь, Өмнөговь аймаг чиглэлийн авто зам, замын байгууламжийг өчигдрийн 14.00 цагаас өнөөдрийн 11.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан тухай тушаал Зам, тээврийн хөгжлийн сайд гаргажээ.
Энэ сарын 14-нөөс баруун болон төвийн нутгаар их хэмжээний цас орж, зам даваа хаагдан, халтиргаа гулгаа үүссэн. Харин 15-нд шилжих шөнөөс эхэлж нутгийн төв болон зүүн хэсэгт цас их орж, салхины хурд секундэд 26 метр хүрч ширүүсэхээр байгааг ОБЕГ-аас анхааруулсаар байв.
Орон нутагт нөхцөл байдал хүндэрсэн мэдээллийн мөрөөр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т очлоо. Байдал газар дээрээ ямар байгаа болон өглөө аймаг, сумууд руу гарсан нийтийн тээврийн жолооч нар, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс ямар мэдээлэл ирснийг тандсан юм. Тус төвийн Хөдөлгөөн удирдах хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Мянганбаатартай уулзах гэж байхад тус төвийн захирал П.Дэлгэрнаран орж ирж таарлаа.
Тэрбээр “Одоо Улаанбаатарт 14.00 цаг болох гэж байна. Сүхбаатар аймгийн Засаг дарга ярилаа. Тэнд байдал их хүнд байгаа юм байна. Сүхбаатар, Дорноговь аймгийнхан цагдаагийн байгууллагын түвшинд хуралдах гэж байна гэнэ. Би зохих газруудад мэдэгдсэн. Өглөө гарсан жолооч нараас ямар нэг мэ дээ байна уу. Одоо яам, сайдын зүгээс шуурхай арга хэмжээ авах болов уу. Сайд тушаал гаргаж, замыг байгууламжаар нь хаахгүй байсан ч, орой тээвэрт явах жолооч нарыг бэлтгэл сайтай, дулаан хувцас базааж гараарай гэдгийг сануулаарай” гэх зэргээр үүрэгдсэн юм.
Ахлах мэргэжилтэн Х.Мянганбаатараас дараах асуултуудад хариу авлаа.
-Замд яваа автобус, таксийг энэ самбарт хянаад сууж байдаг юм уу?
-Тийм ээ. Яг одоо та Дундговь аймгийн Дэлгэрцогт сум руу явж буй унааг харж байна. “Хараацайн жигүүр” компанийн жолооч Маналсүрэн уг автобусыг жолоодож явна. Цагт 55 км-ийн хурдтай явж байгааг заалаа. Утасны дугаар нь байна. Гэхдээ манайхаас жолоочтой ярьдаггүй. Хэрэг гарвал аж ахуйн нэгжтэй нь холбогдож лавлах зүйлээ асуудаг. Замд хурдтай яваа жолоочтой утсаар ярьж болохгүй.
-Сүүлийн үед GPS хяналттай болсноор жолооч нар хурд хэтрүүлэхээ больсон гэдэг. Үнэн үү?
-Үнэн. Сануулах, торгох зэргээр хариуцлага тооцоод, болохгүй бол тухайн жолоочийн ажилладаг аж ахуйн нэгж манай төвтэй байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй байна гэсэн асуудалд орох учраас журам зөрчих жолооч бараг байхгүй. Тийм болохоор 2013 онд ийм хяналттай болсноос хойш зам, тээврийн осол гарах нь цөөрсөн.
-Нийт хэдэн аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг вэ?
-Тээвэрлэгч 63 аж ахуйн нэгжийн 1100 гаруй тээврийн хэрэгсэл байна. Үүний 900 гаруй нь автобус, харин 100 илүү нь такси. Хөнгөн тэрэг хэдийгээр стандартад нийцэхгүй байгаа ч хэрэгцээ шаардлагаа харгалзаад цөөн тоогоор явуулдаг. Хот хооронд одоо таксины зориулалтаар явуулж байгаа эдгээр хөнгөн тэрэгний хугацаа буюу насжилт дуусахад дахиж өөр машин явуулахгүй.
Оронд нь автобус үйлчилгээнд гаргана. Нэг мэдээлэл нэмж хэлье. Орон нутгийн чиглэлийн авто зам, замын байгууламж, зорчигч тээврийн үйлчилгээтэй холбоотой ямар нэг мэдээлэл дуулгах бол манай лавлах 1900-1234 болон 70070012 дугаарын утсаар ярьж болно. Хоногийн 24 цагт нээлттэй байдаг.
Зам, тээврийн хөгжлийн сайд тушаал гаргаж зүүн болон зүүн өмнөд чиглэлийн зам, байгууламжийг тавдугаар сарын 16-ны 11.00 цаг хүртэл хаалаа. Хэзээ нээхийг цаг агаарын байдлаас хамаарч шийдэх байх.