Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн сурагчид олноороо сүрьеэгийн халдвар авсан талаарх мэдээллийг бид өмнөх дугаартаа нийтэлсэн. Тодруулбал, тус сургуулийн нэг багш, 38 хүүхэд сүрьеэгийн халдвар авсныг ХӨСҮТ-ийнхөн тогтоосон бөгөөд 500 гаруй хүүхэд далд хэлбэрийн сүрьеэтэй болох нь илэрсэн юм.
Эцэг, эхчүүд болсон явдалд бухимдаж, сургуулийн үйл ажиллагааг зогсоохыг БСШУСЯ-ныхнаас хүссэн байна. Энэ талаар тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Эрүүл мэндийн байгууллагууд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Эцэг, эхчүүдийн санал чухал ч мэргэжлийн байгууллагынхны дүгнэлтэд үндэслэж, шийдвэрээ гаргах ёстой. Тиймээс сургуулийн үйл ажиллагааг зогсоогоогүй. Ирэх даваа гараг хүртэл ариутгаж, халдваргүйжүүлэх ажил хийнэ” гэлээ.