Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 4 сарын зарим статистик үзүүлэлтийг хүргэж байна.
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 1 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 116.6 (11.3 хувь) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 10.7 (11.2 хувь) мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 58.5 (10.5 хувь) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 30.4 (34.5 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны 1 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 44.5 (4.3 хувь) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 1 дүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 165.1 (15.6 хувь) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 132.2 (16.7 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2019 оны 1 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 88.2 (8.3%) мянган төгрөгөөр өссөн байна.