“Чинагийн Галсан” сан, “МИКА Монгол”, “Энх мөнхийн байгаль” төрийн бус байгууллагынхан хамтран Зүүн салааны эцэс дэх зургаан га газрыг ойжуулах болжээ. Албан байгууллага, анги хамт олон, гэр бүлийн төгөл зэргээр тус газраа бүлэглэн хуваах юм байна. Сангийнхнаас гадна мод тарих хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд ч үүнд оролцож, төгөл байгуулах боломжтой. Тарьсан моддыг дээрх сангийнхан болон “Энх мөнхийн байгаль” төрийн бус байгууллагынхан арчилж, хамгаалах юм.
Санхүүжилтийг нь “Чинагийн Галсан” сангийн “ногоон” тэтгэлгийн хөрөнгөөс гаргах аж. Ойжуулах газарт одоогоор 1500 гаруй мод суулгажээ. “Олон нийт бидний санаачилгыг дэмжин, идэвхтэй оролцож байна. Өчигдөр (уржигдар) “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн залуус, “Альфадент” шүдний эмнэлгийнхэн болон хамаатан саднаараа нэгдсэн хүмүүс ирж мод тарьсан. Зүүн салааны энэхүү газар гүний худагтай, харуул хамгаалалт бүхий хашаатайгаас гадна хөрс нь зөөлөн, чийглэг тул ойжуулах бүрэн боломжтой” гэж зохион байгуулагчид онцоллоо.
Ташрамд дурдахад, цөлжилтөд нэрвэгдсэн газруудыг аврах зорилгоор “Чинагийн Галсан” сангаас өнгөрсөн 10 жилд Монгол оронд 800 000 гаруй мод тарьж, өдгөө арчлан, ургуулж байгаа аж.