Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаан ирэх сарын 17-29-нд хойд хөршийн Москва, Санкт-Петербург хотод болно. Уралдааныг төгөлдөр хуур, хийл, виолончель, дуу гэсэн дөрвөн төрлөөр явуулж ирсэн бол энэ жилээс үлээвэр хөгжим нэмжээ. Олон улсын шилдэг хөгжимчид модон болон гуулин үлээвэр хөгжмийн зэмсгүүдээр тоглож өрсөлдөх нь.
Уг уралдааны дууны төрөлд эхний шатанд ур чадвар сорих 30 дуучны нэрсийн жагсаалтад Монголын баритон Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс, Б.Монголхүү, Ц.Амарболд болон аргил хоолойт Д.Бат-Эрдэнэ гэсэн таван дуучны нэр дурайж байна.
П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны дууны төрөлд өрсөлдөх дуучдын тав нь монгол, 10 нь БНСУ-ынх, 11 нь ОХУ-ын уран бүтээлч байна. Тэгэхээр энэ удаа дуучдын дундах “тулаан” дээрх гурван орны уран бүтээлчдийн дунд болох нь. Эмэгтэй дуучдын нэрсийн жагсаалтыг харахад Азийн орныхон түлхүү байгаа юм. Харин төгөлдөр хуур, хийл, виолончель хөгжмийн төрөлд Европын орнууд, АНУ, Израилаас хөгжимчид ур чадвараа сорихоор байна.
Манай Э.Анхбаяр гадаадад ажиллаж буй бол Б.Жавхлантөгс чөлөөт уран бүтээлч юм. Олон улсын уралдаануудын шагналт Б.Монголхүү Улсын филармонид ажиллаж байгаад энэ сарын 1-нээс ДБЭТ-т гоцлол дуучнаар очжээ. Ц.Амарболд цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин. Аргил хоолойт Д.Бат-Эрдэнэ хойд хөршийн Улаан-Үд хотын ДБЭТ-т гоцлол дуучнаар ажилладаг бөгөөд түүнийг алдарт концертмейстер Дарима Линховоин дасгалжуулж олон улсын тайзнаа дуулуулах гэж байна.