Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, БНТУ-ын Истанбулын их сургуульд гео техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан Б.Ганзоригтой ярилцлаа.
-Гео техник гэж юу вэ, манайд хэр хөгжсөн бол?
-Энэ бол ашигт малтмалын ордыг хэрхэн ухаж, хөндийлөх буюу ямар технологи, горимоор ашиглавал илүү аюулгүй, удаан хугацаанд өгөөжийг нь хүртэж болохыг судалж, тооцоолдог шинжлэх ухаан. Энгийнээр хэлбэл, бүх төрлийн ашигт малтмал олборлох, барилга байгууламж барихад зайлшгүй мөрдөх ёстой технологи, журам, арга барил, ур чадварыг сургадаг тусгайлсан мэргэжил юм.
Дэлхий нийтэд энэ төрлийн мэргэжилтнүүд уул уурхай, барилга байгууламжийнх гэж хоёр хуваагддаг. Гео техникийн хөгжлийн түвшин буюу шаардлагатай салбарт энэ төрлийн мэргэжилтнүүдийн оролцоо, ур чадвар хэр байгаагаас барилгын буурь, суурийн чанар, уурхайн орчны аюулгүй ажиллагаа шалтгаалдаг. Миний бодлоор манай улсад сүүлийн 10 жилд баригдсан цөөнгүй барилга газар хөдлөлтийн таван баллыг ч тэсвэрлэхгүй болов уу. Энэ нь гео техникийн судалгаа, дүгнэлт, энэ чиглэлийн мэргэжилтнүүд бараг байхгүйтэй холбоотой.
Геотехникчдийн ажиллах ёстой нөгөөх чухал салбар бол геологи, уул уурхай. Газрыг км, км-ээр нь ухаж, өрөмдсөн нөхцөлд цөөнгүй сар, жилээр аюулгүй, бүтээмжтэй ажиллаж болдог. Энэ нь анхнаас нь гео техникийн шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгтэй ажиллаж буйтай холбоотой.
Мөн гео техникийг ил, далд уурхайн, овоолгын болон хаягдлын далангийн гэж дөрөв ангилдаг. Тус бүрт нь өөр технологи, журмын дагуу ажил гүйцэтгэдэг гэсэн үг. Ийм чухал мэргэжлийг манай улсад эзэмших боломжгүй, мэргэжилтнүүдийн тоо хангалтгүй байна.
-Тэгвэл ийм мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр шахам бид яаж өдий хүртэл барилга барьж, уурхай ашиглаж ирсэн хэрэг вэ?
-Нарийн, тусгайлсан мэргэжилтэнгүй барилгын болон уурхайн ашиглалтын инженерүүдийн тусламжтайгаар ажиллаад байгаа юм. 2014 оноос гео техникийн шинжлэх ухааны суурь ойлголт олгохоор ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн зарим мэргэжлийн оюутнуудад уурхайн хажуугийн тогтворжилт хичээл зааж эхэлсэн.
Өмнө нь огт байгаагүй сэдвийг нэвтрүүлсэн нь сайшаалтай ч илүү мэргэшүүлэх, геотехникч бэлтгэх талаар өдий хүртэл дорвитой ажил хийсэнгүй.
-Танай сургуулийнхан энэ талаар холбогдох яам, байгууллагуудад нь уламжлав уу?
-Бид юуны түрүүнд сургуулийнхаа захиргаанд хандсан. Нааштай хүлээн авч бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй геотехникч бэлтгэх зайлшгүй шаардлагатай гэдэгт санал нийлсэн. Тиймээс судалгаа хийж, холбогдох бичиг баримт бүрдүүлж, дараагийн шатны байгууллагад хүргүүлсэн. Гэсэн ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамныхан дэмжээгүй.
Мөн Уул уурхай, хүнд үйдвэрийн яамныхан болон холбогдох байгууллагууд нь энэ төрлийн мэргэжилтэн одоо болон ирээдүйд яагаад хэрэгтэйг ойлгоогүй хэвээр байна. Аливаа уурхайд осол гарсан тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүйтэй холбож ойлгохоос урьтан гео техникийн горимыг ягштал мөрдүүлж, мэргэжилтний хяналтад ажилласан, эсэхийг нягталж чадахгүй байгаа хэрэг. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг яаж ч сахиад эхнээсээ мэргэжилтнүүдийн тусламжтай, харилцан уялдаатай ажиллаагүй уурхайд осол, нуралт үүсэх нь цаг хугацааны асуудал гэчихвэл буруудахгүй.
Манай улсын хөгжийн томоохон тулгуур бол уул уурхайн салбар. Цаашид арвин нөөцтэй, олон уурхай нээн илрүүлж, ашиглах боломжтой тул геотехникчдийг дотооддоо бэлтгэх зайлшгүй шаардлагатайг би болон манай сургуулийн багш нар хэлээд байгаа юм.
-Одоо ашиглаж буй уурхайнуудад энэ чиглэлийн боловсон хүчин хэр байгаа вэ?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн оросуудаас суралцсан олон жилийн туршлагаараа ажиллаж, “Оюутолгой” компанийнхан гадаадын мэргэжилтнүүдийнхээ тусламжтайгаар монгол ажилчдаа дадлагажуулан, заримд нь өөр чиглэлийн инженер нь геотехнихчээ хавсран ажиллаж буй. Ер нь эл мэргэжлийг “дүйцүүлж”, орлуулаад байгаа хэрэг. Харин “Эрдэнэс Тавантолгой”-д би зөвлөхөөр ажиллаад нэг жил орчим боллоо. Жижиг уурхайнуудад хөрсний нуралт, гулгаа үүсэн хүний амь хохирч, ихээхэн гарз хохирол учирсан нь энэ төрлийн мэргэжилтэн дутмаг гэдгийн илэрхийлэл.
-Их сургуулиудад шинэ мэргэжил олгох, анги нээхэд хэдий хэр төсөв, зардал шаардагатай талаар судалгаа бий юү?
-Бичиг цаасны ажил, ном товхимол хэвлүүлэх, шинэ элсэлт авах зэрэгт 10 сая төгрөгийн зардал гарна гэж тооцсон. Хамгийн гол нь өндөр хүчин чадалтай, нарийн тоног төхөөрөмж бүхий лаборатори шаардлагатай тул 500 орчим сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.
Энэ хөрөнгийг ямар нэг байдлаар шийдэн, дотооддоо геотехникч бэлтгэж эхлэхгүй бол уул уурхайн салбарт тулгуурлан хөгжих бодлогод бэрхшээл тулгарах талтай. Үндсэндээ чухал шаардлагатай мэргэжилтэн манайд сох дутчихаад байна шүү дээ. Ганц хоёр жилээс хэтрэлгүй бэлтгэж эхлэхгүй бол бид гео техникийн салбарын хөгжлөөс улам хоцорно.
-Бусад улсад эл салбар хэр хурдацтай хөгжиж байна вэ?
-Энэ бол “залуу” шинжлэх ухаан. Гэсэн ч Канад, Австрали, Хятад зэрэг уул уурхай нь өндөр хөгжсөн оронд маш хурдацтай хөгжин, дэвшилт технологи нэвтрүүлсээр байгааг уурхайн үйл ажиллагааных нь тайлангаас харж болно.
-Манайд энэ чиглэлээр багшлах боловсон хүчин хангалттай юу?
-Миний мэдэхийн энэ чиглэлээр гадаадад мэргэжил эзэмшсэн, эрдмийн зэрэг хамгаалсан цөөнгүй хүн бий. Тэднээс ШУТИС-д ч багшилж байна. Ер нь багшлах боловсон хүчин боломжийн байгаа гэж болно. Үүнээс гадна холбогдох байгууллагууд нь гео техникийн стандартуудыг бий болгох хэрэгтэй.
Улс орон бүрийн байгаль цаг уурын онцлог, газар зүйн өгөгдөл, хөрсний физик болон хими шинж чанар өөр. Үүнд тохирсон нэгдсэн стандарт гаргах нь чухал. Ингэснээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гарсан ослын шалтгааныг тогтоох, дахин үүсгэхгүй байхад анхаарах боломж бүрдэнэ.
-“Эрдэнэс Тавантолгой” компанид геотехникийн зөвлөхөөр ажилладаг гэсэн. Энэ талаараа тодруулна уу?
-“Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргахаар бэлтгэж буй. Хөрөнгийн зах зээлд амжилт олох, эсэх, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахад гео техникийн тайлан чухал үүрэгтэй. Товчхондоо уурхайнхаа аюулгүй ажиллагааг урьдчилан баталж буй хэрэг. Одоогоор бид Цанхийн баруун уурхайд 10 цооног өрөмдөн гео техникийн тайлан хийлээ. Цаашид илүү өргөн хүрээ хамруулан ажиллах төлөвлөгөөтэй.