Хөвсгөл аймгийн Цагааннуур сумд цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг таниулах зорилгоор ирэх наймдугаар сард 2000 цааны баярыг анх удаа зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбогдуулан БОАЖЯ болон орон нутагт ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн Норвег улсад байрлах Дэлхийн цаа бугын холбооны хуралд оролцон, 2000 цааны наадам зохион байгуулах тухай санал оруулснаас гадна Якутын Цаачдын зөвлөлтэй хамтарч ажиллах болсон гэлээ. Мөн Туркийн ТИКА байгууллагаас эл баяраар өмсөх үндэсний 330 ширхэг хувцсыг Хөвсгөлийн цаатнуудад бэлэглэсэн байна. Наадмын үеэр зөвхөн тува буюу цаатан ардын уламжлалт зан үйлийг харуулсан үзүүлбэр үзүүлнэ гэж ажлын хэсгийнхэн мэдээллээ.
Тухайлбал, эрчүүдийн дунд гец салор буюу самар шидэх, цүү хаях, төрөл бүрийн хурд, хүчний тэмцээн зохион байгуулах гэнэ. Ураг барилдах, тува бөөгийн шидийг харуулах, голд цаа шахах, цаатай сайхан хос шалгаруулах зэрэг хөтөлбөртэй юм байна. Жуулчдад тайгын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтцыг харах боломж бүрдүүлэх зорилгоор тус наадмыг Цагааннуур сумын төвөөс 35 километр зайд байрлах, “Содура” киноны зураг авсан Хар нуур хэмээх газарт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны тооллогоор 2349 цаа бүртгэгдсэн аж. Жилд 160-170 мянган цаа төллөдгөөс 130 орчим нь эсэн мэнд бойждог гэнэ.