Дэлхийн II дайн дууссаны 74 жилийн ойг гараг даяараа тэмдэглэв. Эл дайны ялагч ОХУ-д баярын гол арга хэмжээ болж, нийслэл Москва болон бусад хотод нь цэргийн алба хаагчид, байлдааны техник оролцсон хүндэтгэлийн жагсаал, “Мөнхөд дурсагдах дайчид”, “Дурсгалын зул”, “Цэргийн зогсоол”, “Фронтын кинотеатр” зэрэг ажиллагаа зохион байгуулжээ. Уламжлал ёсоор ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путин, Засгийн газрын гишүүд, Төрийн тэргүүний болон парламентын Тамгын газрын удирдлага Улаан талбайд болсон ёслолын жагсаалыг үзлээ. Дараа нь Нэр нь тодроогүй дайчдын шарилд цэцэг өргөв.
Энэ жил “Мөнхөд дурсагдах дайчид” жагсаал 110 улсын 500 гаруй хотод, тухайлбал, Копенхаген, Женев, Ром, Истанбул, Лисбон, Нью-Йорк, Манчестер, Торонто, Тель-Авив, Хонконгт боллоо. Москвагийн төв Улаан талбайд болсон ёслолын жагсаалд 13 600 цэрэг, 130 гаруй дугуйт болон гинжит техник, 74 нисэх онгоц болон нисдэг тэрэг оролцов. Ёслолын жагсаалыг ОХУ-ын Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, армийн генерал Олег Салюков командалж, тус улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу хүлээн авсан юм. Механикжсан цувааг уламжлал ёсоор Ялалтын бэлгэ тэмдэг болсон Т-34-85 хуягт танкууд тэргүүллээ. 1930-аад оны сүүлчээр зохион бүтээсэн эл танкийг 1944 оны нэгдүгээр сард зэвсэглэлд шилжүүлсэн ба нийт 84 мянга гаруйг үйлдвэрлэсэн гэнэ. Үүнээс гадна хуягт “Тигр-М”, “Тайфун-К”, “Курганец”, “Терминатор” машин, тэрчлэн “Армата” танк жагслаа.
Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний цэргийн техникээс зенитийн пуужингийн “Бук-М2”, “Тор-М2”, зенитийн пуужингийн их бууны “Панцирь-С” цогцолбор, “С-400” системийн харвах төхөөрөмжийг үзүүлсэн. Мөн үзэгчдэд “БМД-4М”, “БТР-МДМ”, их бууны өөрөө явагч “Мста-СМ” төхөөрөмж, гэрэлт дохионы тийрэлтэт “Смерч” систем, пуужингийн “Искандер-М” цогцолборын өөрөө явагч харвах төхөөрөмж, дугуйт хуягт тээврийн “Бумеранг” тээврийн хэрэгсэл, стратегийн зориулалттай пуужингийн хөдөлгөөнт харвах “Ярс” төхөөрөмжийг ч харуулав. Сири дэх Оросын анги нэгтгэл амжилттай ашигласан цэргийн цагдаагийн техник тусдаа жагссан юм. ОХУ-ын аугаа их Эх орны дайн дууссаны ойг бэлгэдсэн 74 нисэх онгоц болон нисдэг тэрэг агаар дахь ёслолын жагсаалд оролцох ёстой байсан боловч цаг агаарын байдлын улмаас цуцалжээ.
Нисэх хүчнийхэн таван минутын хугацаанд Улаан талбай дээгүүр нисэх онгоцууд 200-400 метрийн өндөрт цагт 500-550 км, нисдэг тэргүүд 150 метр өндөрт цагт 200 км хурдтай нисэж өнгөрөх байсан юм. Мөн “Су-25” нисэх онгоц тэнгэрт Оросын Төрийн далбааны гурван өнгөт утаан тууз үүсгэхээр төлөвлөсөн байжээ. Ёслолын жагсаалын дараа ОХУ-ын хотуудад баярын янз бүрийн хөтөлбөр үдэш болтол үргэлжилж, орой нь ёслолын буудлага хийлээ.