УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонслоо. Мэдээллийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар хийв.
Тэрбээр “Яамны зүгээс ТОСК-ын захиалгаар “Буянт-Ухаа 2” цогцолборт 972, Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны хуралдаанаар Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг батлуулсан. Уг журам батлагдсанаар иргэд түрээсэлж буй орон сууцаа тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр тав хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсвэл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон” хэмээн танилцуулгадаа дурдлаа.
УИХ-ын гишүүд асуулт тавьж, саналаа хэлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг түрээсийн орон сууцны эрх зүйн орчны талаар хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэв.