Нийслэлчүүдийн аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрхийг хангахад дан ганц цагдаагийн байгууллагынхан ажиллаад хүн хүч, нөөц бололцоо хүрэхгүй байгаа. Манайх шиг 1.5 сая хүнтэй их хотод камерын хэрэгцээ, ашиг тус их. Тиймээс Улаанбаатар хотын гудамж талбайд теле камер суурилуулах ажлыг сүүлийн 3-4 жилийн хугацаанд эрчимжүүлсэн.
Ингэхдээ улс, нийслэлийн төсвөөр болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар жил бүр 3-4 тэрбум төгрөг камержуулах ажилд зарцуулдаг юм байна. Өнгөрсөн онд гэхэд 1600 гаруй камер улсын төсвөөр суурилуулжээ. Тодруулбал, авто замын хяналтын зориулалтаар 190, орчны хяналтад 1503 камер Улаанбаатар хотод суурилуулж, тэдгээр нь нийслэлчүүдийг өдөр, шөнөгүй “тольдож” байх учиртай. Гэвч камер бүгд үүргээ гүйцэтгэдэг, эсэх нь эргэлзээтэй.
Улаанбаатар хотод суурилуулсан камеруудын багагүй хувь нь ажиллахгүй байгааг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрынхан өнгөрсөн хоёр сарын хугацаанд хийсэн судалгаагаараа тогтоожээ. Тус газрын дарга О.Чинзоригтой энэ асуудлаар ярилцлаа.
-Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд 12 932 гэмт хэрэг бүртгэгдсэний 67 хувь нь нийслэлд гарчээ. Эдгээр тохиолдлын дөнгөж 200 гаруйг нь камерын бичлэгийн тусламжтай илрүүлсэн гэж дуулсан. Тэгэхээр Улаанбаатарын камерууд үр дүнгээ өгөхгүй байна уу. Ажлын хэсгийнхний хийсэн судалгаагаар нийслэлд суурилуулсан камеруудын хэд нь ажиллахгүй байна вэ?
-Ажиллахгүй байгаа камеруудын тоог зарлах нь нэг талаараа гэмт хэрэг үйлдэгчдэд сэдэл өгөх эрсдэлтэй учраас хэлэх боломжгүй. Гэхдээ хамгийн сүүлд хийсэн судалгаагаар үнэхээр ноцтой тоо гарсан. Нийслэлд суурилуулсан ихэнх камер өөр, өөр хяналтын системээр ажилладаг учраас тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа нь үнэн. Нөгөөтээгүүр, манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд камер эвдэрч, гэмтэх тохиолдол олон байдаг.
Өвөлдөө хэт хүйтрэхэд камер хөлдөх, утаанд дүрс нь муу харагдах зэрэг асуудал үүсдэг. Зуны улиралд хэт халснаас зарим чанаргүй камер шатах тохиолдол гарахыг ч үгүйсгэхгүй. Түүнээс гадна мэдээлэл дамжуулах шилэн кабель зэргийг системтэйгээр нэгтгэж, журамлахгүй бол нийслэлийг камерын тусламжтай хянах боломж бүрдэхгүй байна. Тухайлбал, нэг албан байгууллага ойролцоо байрладаг ТҮЦ юм уу, дэлгүүрээс цахилгаанаа авчихсан байдаг.
ТҮЦ нь нүүчихээр нөгөө суурилуулсан камер нь ажиллахгүй шүү дээ. Тиймээс тэдгээр камерыг цаашид стандартчилах, бодлогоор зангидаж зохицуулах, засвар үйлчилгээг нь хариуцах эзэнтэй болгох зэрэгт анхаарахаас гадна хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтарч ажиллах боломж байгааг судалж, дүгнэлт гаргаад, шинэ журам боловсруулж байна.
-Мэргэжлийн байгууллага нь судалгаа хийгээд, Улаанбаатар дахь камержуулалтын нөхцөл байдал ямар байгааг тогтоон цаашид авах арга хэмжээгээ төлөвлөж, журам боловсруулсан гэсэн үг үү. Шинэ журам батлагдсанаар ямар ахиц дэвшил гарах бол?
-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 26 дугаар тогтоолоор байгуулагдсан Цахим бодлогын зөвлөлийн хурлаас гаргасан зөвлөмжийн дагуу Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нь хангах зорилгоор Засаг даргын А/347 дугаар захирамж гарсан. Энэ дагуу нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд суурилуулсан теле хяналтын камерын системийг нэгтгэх шийдэл боловсруулах, камеруудын ашиглалтын асуудлыг шийдвэрлэх, цаашид шинээр суурилуулах болон нийтлэг журам боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.
Ажлын хэсгийнхэн судалгаа хийж, дүгнэлтээ гаргалаа. Гаргасан дүгнэлтдээ үндэслэн, хоёр журам боловсруулахаар ажиллаж байна. Наад зах нь камерыг суурилуулахдаа хэн хүссэн нь дуртай газартаа аваачаад зоочихдог байж таарахгүй. Төлөвлөгөөтэй, тогтсон стандарттай байх ёстой. Тухайлбал, хүн ам хамгийн нягт суурьшсан, гэмт хэрэг гарах эрсдэл ихтэй газруудад нэн түрүүнд камер суурилуулах ёстой гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс эхний ээлжид нийслэлийн Бодлого төлөвлөлтийн, Мэдээлэл төлөвлөгөөний, Шуурхай удирдлага зохицуулалтын төвийнхөн хамтран хаана, хэдэн камер суурилуулахыг судалж, төлөвлөгөө гаргах юм.
Үүний дагуу стандартаа боловсруулна. Жишээ нь, уулын орой дээр нягтаршил сайтай камер суурилуулах шаардлагатай. Гэтэл замын хөдөлгөөний ачааллыг хянахын тулд бас нэг өөр камер хэрэгтэй болдог. Энэ мэтээр тодорхой цэгүүдэд камер нэмж суурилуулах, тэднийг нэгдсэн системд оруулах, ажиллахгүй байгааг нь засах зэрэг ажилд ойролцоогоор гурван тэрбум төгрөг энэ онд зарцуулна гэсэн тооцоо байна.
Манайд тулгамддаг гол асуудал нь төр захиргааны байгууллагуудын эзэмшилд байдаг камеруудыг засаж, арчлах төсөв хөрөнгө байдаггүйтэй холбоотой. Тиймээс цаашид камерын засвар, үйлчилгээг тогтмол хянаж ажиллах эзэнтэй, тодорхой төсөв мөнгө суулгадаг болгох зэрэг асуудлыг эхний журамд тусгасан.
Хоёр дахь журамд хувийн хэвшлийнхэн, баар, ресторан, хүнсний дэлгүүрийн эзэд суурилуулсан камераа цагдаагийн байгууллагын хяналтын хэсэгтэй нэгтгэж, мэдээллийн нэгдсэн санд холбох талаар тусгаж байгаа юм. Түүнчлэн дараа дараагийн удаад камер авч суурилуулахдаа гол хэрэглэгч мэргэжлийн байгууллага буюу цагдаагийн ажилтнуудын санал зөвлөмжийг сонсож байхын зэрэгцээ хамгийн сүүлийн үеийн, чанартай төхөөрөмжүүд сонгохоор төлөвлөсөн.
Ингэснээр иргэд, оршин суугчдын амар тайван амьдрах, аюулгүй байдлыг хангах боломж илт нэмэгдэж, гэмт хэргийн тоо тодорхой хэмжээгээр буурах, түүнд шууд хяналт тавих нөхцөл сайжрах зэрэг олон эерэг үр дүн гарна гэж тооцож байгаа. Энэ бол нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан “Аюулгүй Улаанбаатар хот” зорилтын хүрээнд хийж байгаа нэг чухал ажил гэж ойлгож болно.
-Тэгэхээр өмнө нь манайхан оруулж ирсэн камеруудаа хэр зэрэг хүчин чадалтайг нь тодорхойлж, хаана ямар камер суурилуулбал зохилтойг мэдэхгүй, түүнийг нь ч хянадаггүй байсан гэсэн үг үү?
-Урьд нь камер суурилуулахдаа техникийн стандартаа мөрддөггүй байсан. Одоогийн байдлаар нийслэлд хяналтын камерын 25 төрлийн систем байна. Тэд бүгд хоорондоо уялдаа, холбоогүй. Зарим камер хязгаарлагдмал орчны буюу 100-хан метр доторх орчны дүрсийг бичдэг.
Сервер нь ажиллаад байгаа мөртлөө бичлэгээ гуравхан цаг хадгалдаг камер ч Улаанбаатарт бий. Энэ мэт олон асуудал судалгаа хийх явцад илэрлээ. Тиймээс энэ бүхнийг стандартчилж, нэг системд оруулан бичлэг хадгалах хугацааг нь уртасгах, эрх бүхий байгууллага нь түүнийг архивлах зэргээр зохицуулалт хийх гээд байгаа юм.
-Шинээр суурилуулсан камер чанарын шаардлага хангах, эсэхийг хэн, хэрхэн хянах вэ? Хүчин чадал сайтай камер суурилуулах нэрээр дахиад л үр дүнгүй ажил хийх вий гэсэн хардлага иргэдэд төрж болох юм.
-Нийслэлийн болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нар, Цагдаагийн хэлтсүүд, Замын хөдөлгөөний удирдлагын төв, ХЗДХЯ бидэнтэй хамтарч ажиллана. Мөн шинээр суурилуулсан камерыг хүлээн авахад Хот байгуулалт, ногоон хөгжлийн газар, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн мэргэжилтнүүдийг заавал байлцуулна гэж нийслэлийн Засаг даргын захирамжид тусгасан. Тиймээс эрх бүхий, мэргэшсэн байгууллагынхан өөрсдөө тодорхойлолтоо гаргаж, хяналтын камераа хаана байршуулахаа тодорхойлоод, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд мөн хариуцна гэсэн үг.
-Улаанбаатар хотын хэмжээнд хэдэн камер суурилуулах шаардлагатай вэ?
-Энэ талаарх мэдээллийг ажлын хэсгийнхэн судалж байгаа. Төсөв яаж батлагдахаас шалтгаалан энэ жил хэдэн камер нэмж суурилуулахаа шийднэ.
-Жилд ер нь хэчнээн камераа жагсаалаас бүрмөсөн гаргадаг юм бол?
-Эхлээд техник, технологийн тодорхойлолт гаргаж, эвдэрсэн камерыг засвал ажиллах, эсэхийг тодруулна. Баталгаат засварын хугацаа дуусаагүй байвал холбогдох компаниар нь засуулах арга хэмжээ авдаг. Мэдээж урьд нь суурилуулсан бүх камер чанаргүй гэсэн үг биш л дээ. Мэргэжлийн байгууллагынхны оролцоотойгоор, тодорхой хяналт үнэлгээн дор суурилуулсан камерууд үүргээ гүйцэтгэж байгаа.
Өнгөрсөн онд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь 51 цэгт 80 гаруй камер суурилуулсан. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн VIII хороонд суурилуулсан камерын ачаар халаасны болон автомашины эд анги хулгайлсан хүмүүсийг илрүүлсэн. Тэгэхээр энэ мэтээр чанартай сайн камерууд аваад технологийн дагуу суурилуулж, түүнийхээ ашиглалтын горимыг чанд сахиж, засвар үйлчилгээг нь цаг хугацаанд нь хийдэг болбол илүү өгөөжтэй байх нь дамжиггүй.
Ямар нэг хэрэг зөрчил гарлаа гэхэд “Энэ хавьд хяналтын камертай бил үү” гэдэг асуулт хамгийн түрүүнд толгойд буудаг. Аз таарч камер суурилуулсан байлаа гэхэд бичлэгийг нь шүүж үзэж болдоггүй, шүүсэн ч нягтаршил муу учраас хэрэгтнийг таньж, олоход төвөгтэй, мөн дүрс бичлэг нь богино хугацаанд устгачихдаг гэх мэт хүндрэл бэрхшээл иргэдэд ч, цагдаагийн ажилтнуудад ч цөөнгүй тулгардаг.
Ялангуяа сургууль, цэцэрлэгийн орчимд буюу хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг дээд зэргээр хангах шаардлагатай газруудад камер суурилуулсан нь ховор харагддаг. Энэ мэт асуудлыг цэгцлэхээр болсон нь сайшаалтай.