Дэлхий дахинаа нүүдэлчин ард түмний суу билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээгч, их соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Занабазарын урласан Майдар бурханы дүрийг 54 метр өндөр орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Төв аймгийн нутагт цогцлоон босгож байна. Тодруулбал, Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан. 110 гаруй мянган га талбайтай, 300 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн уг хотын дэд бүтэц болон ерөнхий төлөвлөгөөг Герман улсын архитекторууд гүйцэтгэж байгаа. Мөн дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн байна. Эхний үе шатыг 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцсон талаараа төслийн удирдагч, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Л.Баяртуул танилцуулж байсан. Манай төрийнхний ам зургаар бол агуу их бүтээн байгуулалт болох аж. Зүрх уулын энгэрт байрлах Майдар бурхан нь 54 метр өндөр буюу Цонжин болдогт орших Чингис хааны хөшөөнөөс 14 метр өндөр, хотын зохион байгуулалт үзэмж нь тасархай байх юм гэнэ. Мэдээж утаа огт байхгүй эко хот.
Гэтэл зарласнаасаа хойш долоон жилийн хугацаа өнгөрлөө. Хотынх нь бараа сураг ч харагддаггүй ээ. Баригдаж эхлээд таван жил болж байгаа гэхэд говийн ганц шиг цэлийсэн тал газарт суурийг нь цутгасан ганцхан барилга. Өөр юу ч байхгүй. Үүнийгээ цааш нь үргэлжлүүлж, 11 жил барихаар төлөвлөж байгаа юм. За энэ ч яахав. Хэзээ нэгэн цагт баригдах биз гээд хүлээлээ гэж бодоход эрхэм Ерөнхийлөгч маань өөрийн төсөөлөл дэх “Майдар” эко хотдоо Монголын үндэсний кино үйлдвэрийн шавыг тавьчихлаа. 50 га талбайг хамарсан есөн студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбортой болно хэмээн тэрбээр онцолсон. Цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв болох юм байна. Үнэхээр хэрэгжиж чадвал “супер” л бүтээн байгуулалт болох нь.
Гэтэл Майдар хот чинь өөрөө бараг “шав” биш үү. Хотоо босгоогүй байж бараг молливуд барих гэнэ. Майдар хотод кино үйлдвэр барих гээд байгаа юм уу, эсвэл кино үйлдвэрт хотоо байгуулах гээд байгаа юм уу, бүү мэд. 40 тэрбум ам.доллараар цоо шинэ хот барьчихаад, молливуд кино хийж дэлхийн тавцанд гарах гэнэ. Монгол Улсын бүтэн жилийн төсвөөс дөрөв дахин их мөнгөөр барих хотын тухай л яриад яваа шүү дээ, эрхэм түшээдүүд маань. Дээрээс нь бидний төсөөллийн хотод тог, ус дулаан, дэд бүтэц байхгүй ээ. Эко хот учир гал түлэхгүй, хоолоо нийслэлээс зөөнө, хүн өвдөхгүй учир эмнэлэг байхгүй, сургууль бүр ч байхгүй. Шууд бясалгаад л ном эрдэм сурах юм шиг байгаа юм. Эс мэдэх зүг явж үл мэдэх зүйл олж ир гээд явуулахад Майдар хотын кино театрыг аваад ирсэн гэдгийн үлгэр болох вий.
Үүгээр ч зогсохгүй баригдаж дуусах нь үл мэдэх кино театрынхаа эхний ээлжийн таван студи болон гадаа зураг авах талбайн хөрөнгө оруулалтад 40 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр ТЭЗҮ-ээр батлагдчихаж. “Майдар эко хот” төслийн удирдагч Л.Баяртуулын хэлж буйгаар эхний үе шатанд барих хөрөнгө оруулалтаас нэлээд хэмжээний хөрөнгийг шийдсэн байна. Гэхдээ үүнд хөрөнгө оруулах дотоодын хоёр санхүүжүүлэгч байгаагийн нэг нь Улаанбаатар хотын банк хэмээн эх сурвалж мэдээллээ.
Улаанбаатар хотын банк одоо байгаа хотынхоо хамаг өөдтэй өнгөтэй бүхнийг улс төрчидтэй ойрхон байдаг харилцаагаа ашиглан зах зээлийн үнээс доогуур эсвэл хууль бусаар авсан хэмээн хамаг юмыг нь булааж, өнгөрсөн хугацаанд Д.Эрдэнэбилэгийг “хорхойтой араандаа зууж”, хуулийн өмнө зогсоохоор хатуу тэмцэж яваа дүрийг Ерөнхийлөгч болон хотын дарга бүтээж буй. Ер нь л улс төрийн томчуул “сахал” Д.Эрдэнэбилэгийг ангуучилж, болж бүтэхгүй бүх хэргийн буруутангаар цоллож байсан. Гэтэл сонгууль дөхөөд ивээн тэтгэгчгүй үлдэхээсээ айсан уу, ойрын өдрүүдэд нам гүм байх юм. Тэр ч бүү хэл “Майдар” төслийн томоохон санхүүжүүлэгчээр татан оролцуулсан нь ёс зүйн хувьд хэр зөв үйлдэл вэ?
Мөн түүнчлэн Майдар бурхан бүтээнэ хэмээн иргэдээс баахан хандив цуглуулсан. Багадаа л 500 мянган төгрөг авсан гэх. Тус хандиваар 2013-2014 онд бурхны тавхай буюу хоёр метрийн зузаантай төмөр бетон үндсэн нил суурь болон бурханы доод суурь баганын ажилд нийт 6000 метр куб гаруй М500 маркийн сайжруулсан бетон зуурмагийг л цутгасан. Хандиваас цугласан үлдсэн тэр их мөнгө нь хаана байгаа нь тодорхойгүй хэрнээ хөрөнгө оруулагч хайж яваа сурагтай.
Ямартай ч мөрөөдлийн хотын дүр зураг нэг иймэрхүү. 2029 онд Майдар хотод "Монгол кино" үйлдвэрийн шав тавьсны 10 жилийн ой тохиож байна гээд явж байх вий.