Удирдагч Ким Жөн Уны оролцоотойгоор БНАСАУ-ын арми Зүүн тэнгист амжилттай сургуулилалж, харвах төхөөрөмж болон өндөр нарийвчлалтай тактикийн зэвсгээ ашиглалаа гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ. Тус улсын батлан хамгаалахын эрх ашгийг хамгаалах, тактикийн залуурт зэвсэг болон алсын тусгалтай пуужингийн том калибрын төхөөрөмжийн ажиллагааг шалгах нь энэ удаагийн сургуулилалтын зорилго байв.
Гэхдээ сургуулилалтын үеэр АНУ-ын болгоомжилдог, алсын тусгалтай баллистик пуужин харваагүй аж. Ким Жөн Ун буудах тушаал өгөхдөө “Заналхийлэл, сүрдүүлгийн өмнө улс төр болон эдийн засгийн бие даасан байдлаа хамгаалах байлдааны чадамжаа хүчтэй болгох хэрэгтэй”-г онцлон тэмдэглэжээ. Пёньян Япон тэнгис дээгүүр зүүн хойш чиглэлд ойрын тусгалтай пуужингууд харвасныг БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдсэн байна. Пуужингууд 70-200 км-т тусгалтай аж. Тус улсын цэргийнхэн эхлээд пуужин хэмээн мэдээлснээ дараа нь нисдэг объектууд гэсэн нэр томъёо хэрэглэсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар Аюулаас хамгаалах албаны ажилтнуудаа оролцуулсан яаралтай хуралдаан зарлаж, пуужин харвасан тухай Вашингтонд мэдээлжээ. Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс БНАСАУ-ын үйлдлийг ажиглаж буйг мэдэгдсэн байна. Харин Пентагоноос хүлээцтэй хандаж, пуужин харвасан баримтыг нотлох хараахан боломжгүй байна хэмээв. Эдийн засгийн бүс дээгүүр нь баллистик пуужин нисээгүй болохыг Японы Засгийн газар мэдээлжээ.
Гэхдээ БНАСАУ-ын төрийн мэдлийн агентлагаас нийтэлсэн зургууд стратегийн биш ч пуужин харвасныг нотолсон байна. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын нийслэлд Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийснээс хойш БНАСАУ-ын хийсэн цэргийн анхны томоохон туршилт юм. Гэхдээ тус улс тактикийн шинэ төрлийн залуурт зэвсэг туршин харвахаа өнгөрөгч сард зарласан билээ. Шинэ зэвсэг нь хүчтэй цэнэгт хошуу тээх чадалтай, залуурт нислэгийн онцгой тодорхойлолттой болохыг Пёньян мэдэгдсэн. Уг нь 2017 оны арваннэгдүгээр сард БНАСАУ цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилтаа зогсоож, саяхныг хүртэл пуужин харвахаас түдгэлзсээр ирсэн билээ.
Өрнөдийн улстөрчид болон шинжээчид өнгөрөгч бямба гарагт БНАСАУ-ын хийсэн туршилтыг Вашингтонд шахалт үзүүлэх гэсэн оролдлого хэмээн дүгнэж байна. “Үнэхээр энэ нь 2017 оноос хойших хамгийн ноцтой туршилт бөгөөд Вашингтон цөмийн зэвсгээсээ ангижрах Ким Жөн Уны саналын хариуд ямар нэг арга хэмжээ авахгүй бол хэлэлцээг тасалж болохыг Д.Трампад анхааруулсан хэрэг” хэмээн Сөүл дэх Улс төрийн судалгааны АСАН хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Шин Бом Чул хэлснийг “Reuters” агентлаг уламжлав.
“Ким Жөн Ун хүссэнээ авч чадахгүй бол дараагийн удаа пуужингийнхаа тусгалын зайг шинэчилнэ” хэмээн тэрбээр үзэж байна. Пёньян пуужин болон цөмийн туршилтаасаа татгалзсаныг Д.Трамп АНУ-ын өнөөгийн засаг захиргааны бодлогын чухал амжилт хэмээн удаа дараа мэдэгдсэн. БНАСАУ-ын удирдагчтай тохиролцож болно хэмээн тэрбээр урьдын адил бодсоор буй.
Нөгөөтээгүүр, БНАСАУ пуужин туршихын өмнө Д.Трамп өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар холбогдсон бөгөөд тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлын талаар их удаан ярьсан тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдэхдээ “БНАСАУ-д шахалт үзүүлэхэд ОХУ туслах нь чухлыг Ерөнхийлөгч хэд хэдэн удаа хэлсэн” гэв.
Харин Кремлийн төлөөлөгчийн мэдээлснээр В.Путин өнгөрөгч сарын 25-нд Владивосток хотноо БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хийсэн уулзалтынхаа үр дүнгийн талаар Д.Трампад мэдээлээд, Пёньян хүлээсэн үүргээ биелүүлж буйн хариуд тус улсад авсан хориг арга хэмжээгээ сулруулах алхам хийх ёстой” хэмээн тэмдэглэжээ.