Монгол Улсын бахархал болсон уран бүтээлчдийн нэг, дуурийн дуучин Ч.Бадрал ОХУ-ын Саха улсад өнгөрсөн сарын 19-23-нд зохион байгуулсан олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож, гран при шагнал хүртсэн билээ. Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлооч тэрбээр өдгөө Итали улсын томоохон театруудад гэрээгээр ажиллаж буй юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын алдарт “Ла Скала” театрын тайзнаа Монголын уран бүтээлчдээс анх удаа дуулсан Ч.Бадрал ирэх зургадугаар сард шилдгээ тодруулах “BBC Cardiff singer of the world” уралдааны шилдэг 20 дуучны нэгээр шалгарсан. Эх орныхоо нэрийг олон улсад өргөж яваа авьяаслаг дуучинтай цахимаар холбогдож, ярилцсанаа хүргэе.
-Олон улсын дуурийн дуучдын уралдаанаас гран при хүртсэнд баяр хүргэе. Хэд дэх гран при шагналаа авчихав аа?
-Сахад анх удаа зохион байгуулсан уг уралдаанд 10 гаруй орны дуучид оролцсон. Монгол Улсаа төлөөлж надаас гадна Гавьяат жүжигчин, концертмейстер Б.Солонго, дуучин С.Бат-Эрдэнэ, Г.Энхнаран, Э.Мөнхтөр нар оролцсон. Э.Мөнхтөр хоёрдугаар байр эзэллээ. Миний хувьд олон улсын уралдаанаас хүртсэн тав дахь гран при.
-Сүүлийн жилүүдэд та олон уралдаанд амжилт гаргалаа. Өөрийгөө нэг их “сурталчилдаггүй” болохоор зарим хүн таны амжилтуудыг анзаарахгүй, төдийлөн мэдэхгүй өнгөрөх шиг санагддаг.
-Оюутан байхаасаа буюу 2010 оноос Монголоо төлөөлж олон улсын А, B зэрэглэлийн 30 гаруй уралдаанд өрсөлдлөө. Зургаад нь 2-3 дугаар байрт шалгарсан. Бусдад нь тэргүүн байр эзэлсэн. Гран при гэх тодотголтой нь дээр дурдсанаар тав л даа. Эхний хэдэн жил тийм ч өндөр амжилт үзүүлээгүй, 2014 оноос л сайжирсан. Засгийн газрын 120 дугаар тогтоолд тусгасан буюу А зэрэглэлд багтдаг, М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тухайн онд дэд байр эзэлсэн.
Дараа жил нь мөн А зэрэглэлд багтдаг, ОХУ-ын нэрт дуучин Елена Образцовагийн нэрэмжит уралдааны хоёрдугаар байрт шалгарсан. Тэр жил бас Оросын телевизийн “Большая опера” шоу нэвтрүүлэгт 100 гаруй уран бүтээлчтэй өрсөлдсөн. Би ганцаараа гадаадын дуучин, бусад нь орос уран бүтээлч байлаа. Дөрвөн сар орчим үргэлжилсэн нэвтрүүлгийн сүүлийн шатанд өрсөлдөж, монгол дуучдын авьяас, чадварыг Орос орон даяар харуулсан гэж боддог.
2016 онд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулсан Н.А.Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлсэн. 2017 онд Литвад болсон, Виржилиа Норейкагийн нэрэмжит уралдаанд хоёрдугаарт орж, ОХУ-ын “Санкт-Петербург” уралдаанаас гран при хүртлээ. 2018 онд амжилтаар бүр баян байж, дөрвөн уралдаанд тэргүүн байрт шалгарсан. Италийн Тосканад өнгөрсөн онд болсон олон улсын томоохон уралдаанд 1020 дуучин өрсөлдлөө. Баритон, сопрано, тенороос тус бүр нэг хүн шалгаруулдаг юм билээ. Би баритонуудаас сонгогдож, тэргүүн байр эзлэн, “Алтан од” хэмээх шагнал хүртсэн.
-Та “Ла Скала”-гийн тайзнаа гарсан анхны монгол дуучин. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-2019 оны нэгдүгээр сард анх удаа “Ла Скала”-гийн тайзан дээр гарах боломж олдлоо. Тэр гоё театрт ОХУ-ын “Мариинский” театрын гочлооч нартай хамт дуулна гэдэг хүн бүрт олдохгүй боломж, юутай ч зүйрлэхгүй мэдрэмж байлгүй яах вэ. Удирдаач нь алдарт Валерий Гергиев байсан шүү дээ.
-Дэлхийн түвшний дуучин боллоо гэж өөрийгөө тоосон уу?
-Би дэлхийн гэхээсээ илүү Монгол Улсын, тэр дундаа Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин. Дэлхий гэдэг бол маш том үг. Бүр “аймшигтай” том. Дэлхийн дуучин ядаж дэлхийг нэг тойрч, бие даасан тоглолтоо хийсэн, томоохон театруудад бүгдэд нь дуулсан хүнийг хэлэх болов уу. Монгол уран бүтээлчид Европт танигдаж, амжилт гаргаж байна. Гэсэн ч одоохондоо манайд дэлхийн хэмжээний дуучин байхгүй гэж боддог. Гэхдээ ирээдүйд гарч ирнэ гэдэгт итгэдэг.
-Та 2016 оноос Итали улсад ажиллаж, амьдарч байгаа. Тэндхийн агентлагтай гэрээтэй ажилладаг гэсэн үү?
-Би Москвагийн Гнисений нэрэмжит хөгжмийн академийг дүүргэсэн. Цаашид үргэлжлүүлэн сурах санал академиас тавьсны дагуу 2018 онд магистрын зэрэг хамгаалсан. Москвад суралцахын зэрэгцээ Италид ажиллаж байлаа. Ур чадвараа ахиулахын тулд дуурийн эх оронд очихоор шийдсэн. Дуучдыг театруудтай холбодог мэргэжлийн байгууллага тэнд олон бий. 2017 оноос хойш “Италия лирика” агентлагтай хамтран ажиллаж буй.
-“BBC Cardiff singer of the world” уралдааны шилдэг 20 уран бүтээлчийн нэгээр та шалгарсан. Харамсалтай нь, уралдаанд оролцож чадахааргүй болсон гэж дууллаа. Ямар шалтгаантай юм бэ?
-П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, “BBC Cardiff singer of the world” гэсэн хамгийн алдартай хоёр уралдааны аль алинд нь оролцох боломж олдсон. П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд оролцох урилга ирсэн. “BBC Cardiff singer of the world”-ын хувьд материалаа илгээгээд, тэнцсэн гэх хариу авсан. Сонгон шалгаруулалтууд өнгөрсөн оноос эхэлсэн юм.
Менежертэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр “BBC Cardiff singer of the world”-д оролцох болсон. Лондонд сонгон шалгаруулалтад оролцоод, шилдэг 20 уран бүтээлчийн нэг болж, сүүлчийн шатанд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байтал Италийн алдарт Веронагийн задгай театрт ирэх зургадугаар сарын 8-наас есдүгээр сарын 3 хүртэл үргэлжлэх наадамд оролцох эрхтэй болсон. Дуучин бүрийн мөрөөдөл болсон Веронагийн тайзнаа энэ зун Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, “Аида”-гийн Амносрогийн дүрд дуулна.
-Веронагийн задгай театрт дуулах хугацаатай давхацсан болохоор уралдаанд оролцохоо больсон юм уу?
-Мэдээж хугацаа нь давхацсан. Гэсэн ч агентлагийнхантайгаа ярилцаад аль болох зохицуулах гэсэн боловч театрын гэрээ хатуу учраас боломж олдоогүй. Уг нь заавал оролцоно гэж агентлагийнхантайгаа нэлээд ярилцсан л даа. Гэтэл манайхан “Шинэ, залуу дуучид л үүнд оролцдог. Чам шиг “Ла Скала”-д дуулсан, Веронагийн театрт дуулах уран бүтээлч заавал оролцох шаардлагагүй” гэсэн байр сууриндаа хатуу зогссон.
Уралдаан зохион байгуулагчид ч үүнийг сайн ойлгосон. Тэгээд л бууж өглөө. Уралдаан зохион байгуулагчид болон Британи дахь Монголын соёлын элч Ж.Өнөрмаа нар хэд хэдэн удаа холбогдож “Эх орныхоо нэрийг гарга. Монгол дуучин үүнд оролцох ёстой” гэсэн. Надад ч гэсэн Монголынхоо нэрийг гаргах хүсэл төрөлгүй л яах вэ. Юуны төлөө би алтан соёмбот дуучин гэгддэг билээ. Энэ олон жил миний энгэрт алтан соёмбо гялалзаж, төрийн минь далбаа байнга хамт байсаар ирсэн.
Гэсэн ч том боломж, их итгэлийг алдахгүйн тулд театртай байгуулсан гэрээгээ дагахаас өөр аргагүй болсон. Ингээд л Веронагийн театрыг сонгож, “BBC Cardiff singer of the world”-д оролцож чадахгүй болсноо албан ёсоор мэдэгдсэн. Намайг дэмждэг Монголын түмэн олноосоо хүлцэл өчиж буйгаа “Өнөөдөр” сониноор дамжуулан уламжилъя. Би Монголынхоо нэрийг олон удаа гаргасан, цаашид ч гаргах болно.
-Веронагийн тайзнаа дуулах хугацаанд өөр уралдаанд оролцохгүй, бусад театрт дуулахгүй гэсэн үг үү?
-Тийм. Зөвхөн “BBC Cardiff singer of the world”-д оролцохоо цуцалсан хэрэг биш л дээ. Ирэх наймдугаар сарын 1, 4-нд Будапештын задгай театрын нээлтийн хоёр дуурьт уригдсан ч оролцож чадахгүй боллоо. Зургадугаар сард нэг, наймдугаар сарын сүүлчээр олон улсын томоохон хоёр уралдааны сүүлийн шатанд өрсөлдөх байсан ч бас л татгалзахаас аргагүй.
Харин гэрээний хугацаатай давхцахгүй буюу зургадугаар сарын 8-наас өмнө болох хоёр уралдаанд оролцоно. Эхнийх нь Финландын Хельсинкид энэ сарын 20-27-нд болох Миржам Хелиний нэрэмжит олон улсын уралдаан. А зэрэглэлтэй. Хоёр дахь нь Оросын алдарт дуучин Галина Вишневскаягийн нэрэмжит олон улсын уралдаан.
-“BBC Cardiff singer of the world”-д та дахин оролцох боломжтой юу?
-Харамсалтай нь, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан болон “BBC Cardiff singer of the world”-д дахин оролцох боломжгүй. Оролцогчдын насны хязгаар заасан байдаг. Энэ жил би 30 настай. “BBC Cardiff singer of the world”-ыг хоёр жилд, П.И.Чайковскийн нэрэмжит уралдааныг дөрвөн жил тутам зохион байгуулдаг. Тэгэхээр дараагийнхад нь би оролцох боломжгүй. Уг нь 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд оролцсон ч амжилт гаргаж чадаагүй. Бэлтгэл тааруу байсан л даа.
-Веронагийн театрын гэрээ дууссаны дараа яах вэ?
-Агентлагтай байгуулсан гэрээний дагуу 2020 он дуустал маш нарийн хуваарийн дагуу ажиллах төлөвлөгөө гарсан. Ирэх есдүгээр сарын 3-нд Веронагийн тоглолтоо дуусгаад, 4-нөөс Бари, аравдугаар сард Палермогийн театрт дуулна. Ирэх арваннэгдүгээр сард “Мариинский”-д “Травиата”-гийн Жермонд тоглоно.
Арванхоёрдугаар сард жаахан чөлөөтэй байх болов уу. 2020 оны нэгдүгээр сарын 3-наас Баригийн театрт “Бал-маскарад”-д дуулна. Түүнчлэн эх орондоо очиж, бие даасан тоглолтоо толилуулах бодолтой байгаа. Одоогоор хугацааг товлоогүй.