“Хануй фильм” ТББ-аас Монголын кино урлагийг шинэ шатанд ахиулах зорилгоор “Холливуд Монголд” наадмыг анх удаа зохион байгуулж буй. Энэ сарын 1-д эхэлсэн наадам маргааш өндөрлөнө. Төрийн тэргүүн “Тус наадам нь соёлын талаарх бодлого хэрэгжүүлэх, ялангуяа үндэсний киног дэмжин хөгжүүлэх, дэлхийн зах зээлд гаргах замаар үндэсний түүх, өв соёл, ёс заншлаа гадаадад сурталчлан таниулах, кино үйлдвэрлэлийг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд гарц болно” хэмээгээд, уг арга хэмжээг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах болсон.
“Холливуд Монголд” наадамд жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, найруулагч Дэвид Петрарка, Лойд Кауфман, продюсер Тим Коддингтон, Брайс Нильсен, АНУ-ын зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кийс Ван Оострум, дүр сонгон шалгаруулах мэргэжилтэн Попинг Аувеун, жүжигчин Руди Янгблад, Витаяа Пансрингарм, өнгө тохируулагч Иохим Зелл, зураглаач Ваня Чернюл, дууны инженер Грег П.Рассел, зураач Сэсэ Дэстефано, кино зохиолч Мэтью Вайт, хуульч Патришиа Свини Кауфман, судлаач Карло Антонио Жентил нарын 16 уран бүтээлч оролцож байна.
Эл арга хэмжээ нь Монголын кино урлагийн цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийг Монголдоо авчирч суралцах, харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах боломж бүрдүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, уран бүтээлчдийг чадавхжуулах, шинэ санаа сэдэл өгөх, эх орноо сурталчлах зорилготой юм. Наадмын нээлтийн ёслол өнгөрсөн лхагва гарагт “Корпорейт” зочид буудалд болж, Холливудын 16 зочноос гадна Монголын дэлгэцийн урлагийн уран бүтээлчид цуглав.
Энэ өдөр “Холливуд Монголд” нэгдсэн форум зохион байгуулж, дэлхийн үзэгчдийн сонирхлыг татахуйц кино зохиол хэрхэн бичих, продюсерлох, найруулах, жүжигчдийн сонгон шалгаруулалт хийх, зураг авах, жүжиглэх, дууны найруулга хийх, өнгө тавих, кино наадмуудад яаж оролцох зэргээр хэлэлцсэн. Наадмыг зохион байгуулагч, “Хануй фильм” ТББ-ын тэргүүн, жүжигчин А.Баярцэцэг “Цаашид наадмыг тогтмол зохион байгуулна. Наадмын үр өгөөж шууд биш, тодорхой хугацааны дараа харагдах учраас тууштай үргэлжлүүлэх ёстой. Дэлхийн кино урлаг, тэр дундаа Холливуд хол биш гэдгийг харуулахыг зорилоо” хэмээсэн.
Хоёр жил тутам зохион байгуулах тус наадам нь олон улсын А зэрэглэлийн уран бүтээлчидтэй хамтрах, цаашид Монголд дэлхийн хэмжээний томоохон дэлгэцийн уран бүтээлийн зураг авхуулах төдийгүй кино урлаг, аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Жүжигчин, продюсер Б.Амарсайхан “Дэлхийн кино урлагийн зах зээлийн талаас илүү хувийг Холливудын уран бүтээл эзэлж буй. Азтай нь биш, авьяастай, хөдөлмөрч нь тэнд ажиллаж, хөдөлмөрөө үнэлүүлдэг. Тэдний төлөөлөл болсон уран бүтээлчдийг Монголд урьж, наадам зохион байгуулж, мастер хичээл заалгаж буйд талархаж байна” гэв. Тэрбээр АНУ-ын “Netflix” кино компанийн бүтээл “Марко Поло” кинонд Аригбөхийн дүрд тоглосноос гадна 2017, 2018 онд Холливудын уран бүтээлчидтэй хамтран “Under the torquoise sky”, “The Mongolian connection” зэрэг кино бүтээсэн юм.
Наадмын эхний өдөр болсон онцлох арга хэмжээ бол жүжигчдийн дасгалжуулагч Иванна Чаббакийн “Power of the actor” номын нээлт байв. “Ивана Чаббак” студийн үүсгэн байгуулагч, кино урлагийн салбарт алдартнуудын зөвлөх хэмээн алдаршсан тэрбээр өнгөрсөн хугацаанд А зэрэглэлийн 100 гаруй найруулагч, зохиолч, жүжигчнийг дасгалжуулсан юм байна. Түүний шавь нараас олонд хамгийн танигдсан Брэд Питт, Сильвестр Сталлоне, Жаред Лето, Чарлиз Терон, Жеймс Франко, Холли Берри нарыг нэрлэж болно.
Түүний 2004 онд олны хүртээл болгосон тус номыг монгол хэлээр хөрвүүлэн, “Дүр бүтээх увдис” нэртэйгээр эрхлэн гаргах ажлыг А.Баярцэцэг санаачилжээ. Дэлхийн 18 хэлээр хэвлэсэн, “Лос-Анжелес таймс”-ын шилдэг борлуулалттай тус номыг Г.Дэлгэрмаа орчуулан, Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар хянан тохинуулж, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ зөвлөхөөр ажилласан аж. Түүнчлэн наадмын нээлтийн үзвэрээр Мел Гибсоны найруулсан “Apocalypto” киног сонгон үзүүлсэн. Тус киноны гол дүрийг бүтээсэн АНУ-ын жүжигчин Руди Янгблад “Тус киноны Ирвэсийн савар дүрдээ их хайртай. Энэ уран бүтээлд тоглосноороо бахархдаг. Уг кинонд тоглохын тулд уугуул маяа хэлийг сар хүрэхгүй хугацаанд сурч, аюултай хэсгийн зургуудыг орлон тоглогч ашиглалгүй өөрөө гүйцэтгэн авхуулсан” гэж ярилаа. Тэрбээр эл дүрээрээ Америкийн урлагийн холбооноос шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж, “Оскар”-ын наадамд нэр дэвшсэн юм.
Наадмын хоёр дахь өдөр буюу өчигдөр найруулагч Дэвид Петрарка, жүжигчин Руди Янгблад, Витаяа Пансрингарм, зураглаач Ваня Чернюл, зураач Сэсэ Дэстефано, продюсер Тим Коддингтон, Брайс Нильсен, дүр сонгон шалгаруулах мэргэжилтэн Попинг Аувеун, кино зохиолч Мэтью Вайт нар Монголын уран бүтээлчид болон кино сонирхогчдод мастер хичээл заав. Алдарт “Хаан ширээний тоглоом” цувралын найруулагч Дэвид Петрарка “Уран бүтээлийнхээ гарааг 20 настайдаа буюу 1985 оноос эхэлсэн. Одоо ч суралцаж, өөрийгөө хөгжүүлж байна.
Монголын уран бүтээлчидтэй туулсан замнал, уран бүтээлийнхээ онцлог, ажилладаг арга барилынхаа тухай хуваалцсандаа баяртай байна” гэсэн. Жүжигчин найруулагч Г.Эрдэнэбилэг “Холливуд Монголд” наадмын талаар “Дэлхийн киноны төв цэг бол Холливуд. Тэнд “чанагдаж” буй уран бүтээлчтэй танилцах, хамтран ажиллах боломжтойг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Хийморь” киног бүтээхдээ харсан. Гол нь бид ажилдаа улам мэргэшиж, хөгжих ёстой. Энэ боломжийг эл наадам олгоно” гэж сэтгэгдлээ хуваалцсан.
“Холливуд Монголд” наадам өнөөдөр өнгө тохируулагч Иохим Зелл, АНУ-ын зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кийс Ван Оострум, найруулагч Лойд Кауфман, хуульч Патришиа Свини Кауфман, дууны инженер Грег П.Рассел, судлаач Карло Антонио Жентил нарын мастер хичээлээр үргэлжилнэ. “Wolverine”, “The maze runner”, “X-men: Future of past days” болон “2049” зэрэг уран бүтээлээрээ алдартай өнгө тохируулагч Иохим Зелл өмнө “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ”, “Монгол фильм”-ийн “Чингисийн хүүхдүүд” кинонд хамтран ажилласан.
Тэрбээр “Би Лос-Анжелест кино зураг авах, өнгө хувиргах чиглэлээр жилд таван удаа сургалт явуулдаг. Америкийн кино зураглаачдын холбоо болон Америкийн кино урлаг, шинжлэх ухааны академитай хамтарч ажилладаг. Хоёр жилийн өмнө Дубайд, өнгөрсөн онд Бээжинд сургалт хийсэн. Харин энэ удаа Улаанбаатарт ирлээ. Холливудын блокбастер кинонуудад камер болон гэрлээ хэрхэн зөв байршуулах, эвлүүлэг хийж, цаашлаад эцсийн бүтээл болгон кино театрт гаргах хүртэл өнгөний тохируулгыг яаж хийх талаар заана” гэсэн.
Маргааш “Холливуд Монголд” наадмын хүрээнд “Домгийн жимээр” кино зураачдын үзэсгэлэнг “MN17” арт галерейд дэлгэнэ. Тайз, дэлгэцийн зураачдын мэргэжлийн онцлогийг тодотгон харуулах, мэргэжлийн олон талын цогц ур чадвар, хөдөлмөр зүтгэлээр уран бүтээл бий болж, үзэгчдэд хүрдэг гэдгийг олон нийтэд таниулах зорилготой эл үзэсгэлэнд Л.Батбилэг, Э.Батцэнгэл, С.Пүрэвхүү, Б.Эрдэнэбилэг, Б.Батдулам, Г.Алтаншагай, Б.Оргилбаяр нарын уран бүтээлч оролцох юм.
Түүнчлэн наадмын хаалтын ёслол “Шангри-Ла” төвийн “Imax” кино театрт болно. Энэ үеэр “Crazy, rich asians” киног үзэгчдэд хүргэх бөгөөд тус уран бүтээлийн продюсероор ажилласан, “The Chronicles of Narnia”, “Yogi bear”, “Bridge to Terabithia” зэрэг киногоороо алдартай Тим Коддингтонтой чөлөөт ярилцлага өрнүүлэх боломжтой.