Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, улсын аварга О.Балжинням, Д.Сумъяабазар, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбат, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, И.Доржсамбуу, улсын заан Ч.Батзориг, Д.Бумбаяр, О.Одгэрэл зэрэг бяр нь зодгондоо багтаж явсан хүчтнүүдтэй нэгэн үед барилдан, хурц, дайчин барилдаанаараа шагшигдаж явсан хүчтэн бол Ховд аймгийн Мөст сумын харьяат, улсын заан Цэдэвийн Мягмарсүрэн билээ.
Улсын наадамд зургаан удаа шөвгөрсөн тэрбээр кураш бөхийн Азийн аварга, сонирхогчдын сүмогийн ДАШТ-ий найман хүрэл медальтай, самбо, жүдогийн улсын аварга. Хилийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны орлогч дарга, хурандаа, ерөнхий дасгалжуулагч түүнтэй ярилцлаа.
-Ч.Бямбадорж заан нутгийнхаа гурван бөхийг Улаанбаатарт авчирч, эл спортод хөл тавиулсны нэг нь Та. Багшийнхаа хараанд өртсөн Танд амжилт гаргах итгэл хэр байв?
-Би багаасаа бөхийн спортод хорхойсон, барилдаж өссөн. Эхээс арвуулаа. Манай удамд айхавтар барилддаг хүн байгаагүй. Харин тэнхээтэй хүн цөөнгүй байсан юм билээ. Аав лав “Зил-130” машины хөдөлгүүрийг түүртсэн шинжгүй үүрээд явдаг байсан гэнэ лээ. Өвөө минь биерхүү, даадаг хоёрхон морьтой байсан гэдэг. Тэгэхээр лут том биетэй хүн байсан байгаа биз. Би ч бас багын биерхүү.
Ховд аймгийн нэгдүгээр сургуульд сурч байхдаа анхандаа хөнгөн атлетикаар хичээллэсэн ч гавьтай амжилт гаргаагүй. Гүйлт, зээрэнцэг шидэлт миний сонирхлыг тийм ч их татаагүй л дээ. Барилдах мөрөөдөлдөө хөтлөгдөн, сургуулийнхаа Отгонбаяр багшийн дугуйланд бөхийн олон төрлөөр хичээллэсэн. Хаана л барилдаан болно, тэнд өрсөлдөнө. Үндэсний бөхөөр тууштай барилдан, өнөөгийн амжилтад хүрэхэд нөлөөлсөн хүн бол улсын заан Ч.Бямбадорж багш.
Тэрбээр Улаанбаатар хотоос “Хүч” спорт хорооны дасгалжуулагч Д.Дашжамц багш, Ч.Даваадорж харцагын хамт сайн бөх болох ирээдүйтэй хүүхэд хайн, манай аймагт очжээ. Барилдаан зохион байгуулаад улсын заан Ч.Батзориг, аймгийн начин Т.Отгонбаяр бид гурвыг сонгосон юм. Ховдоос буцахдаа бид гурвыг Цагдаа, дотоодын цэргийн 0805 дугаар ангид авна гэж Энхтөр хурандаад захисан гэдэг.
Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 0123 дугаар ангийнхан бид гурвыг авч үлдэх гээд нэлээд хөөцөлдсөн. Ч.Бямбадорж багш олон хүнд захин байж биднийг Цагдаа, дотоодын цэргийн 0805 дугаар ангид татуулж, бөхийн эрдэм заасан юм. Би шинэ цэрэг байхдаа Тангаргийн баярын барилдаанд үзүүрлэн, 72 цагийн чөлөөгөөр шагнуулсандаа их урамшсан. Түүнээс хойш бэлтгэлээ уйгагүй хийн, амжилтын төлөө зүтгэж эхлэв. Цэргийн албанаас халагдахын өмнө Ч.Батзориг, талийгаач Намдаг бид гурвыг “Хүч” спорт хорооны тамирчин болгосон юм.
Бид хүчний бэлтгэлээ Дашзэвэг дасгалжуулагчаар заалгадаг байлаа. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Хишигдорж заан, Ч.Даваадорж харцага тэргүүтэй алдарт луу жилтнүүд хүчний бэлтгэлээ багшийн удирдлагад хийнэ. Үлгэр домог мэт яригдаж, шуугиулж явсан тэдний штангийг нь угсарч өгөн, бэлтгэлээ базаах хэчнээн сайхан байсан гэж санана. Тэг, ингэ гэхээр нь дуулгавартай нь аргагүй гүйцэтгэнэ, их хүндлээд ч тэр үү, эгцлэн харж зүрхэлдэггүй байсан юм даа.
Тухайн үед Улаанбаатарт манай садан төрөл байгаагүй. Тиймээс Ч.Батзоригтой хамт оюутны байранд амьдардаг байлаа. Юм өнөөгийнх шиг элбэг бус, дэлгүүрт давснаас өөр юмгүй үеийн тамирчин, би. Бөхийн олон төрлөөр хичээллэж, анхны амжилтаа чөлөөт бөхөөр гарган, УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.
-Тухайн үед цөөнгүй том цолтон чөлөөт бөхөөр барилддаг байсан. Танд ер нь тэднээс цойлох боломж байсан уу?
-Би 120 кг-д барилддаг байлаа. УАШТ-д оролцохдоо ихэвчлэн VI, VII байр эзэлсэн. Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар аварга, Б.Гантогтох гарьд, Д.Ганхуяг арслан, улсын начин Б.Баттогтох нарыг яалт ч үгүй дийлээгүй. Тухайн үед УАШТ-д ганцхан хүрэл медаль өгдөг байсан. Би улсынхаа дэвжээнээс бүр сүүлд мөнгө, хүрэл медаль авсан, азаар.
-Үндэсний бөхөөр ч мөн адил дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын аварга О.Балжинням, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, “Зургаан залуу заан” тэргүүтэй олон хүчтэнтэй нэгэн цаг үед хүч сорьсон. Арай өөр цаг үед барилдсан бол том цол хүртэн, улсын наадамд түрүүлэх байсан гэх харамсал төрөх юм уу?
-Үгүй ээ, харин ч эсрэгээрээ бахархдаг. Тэднээс гадна улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Ч.Батзориг, О.Одгэрэл, Д.Бумбаяр нар цолоо ахиулахын төлөө зүтгэж явсан шүү дээ. Манай үеийнхнээс том цолтон олон төрлөө. Тийм ширүүн өрсөлдөөн дундаас улсын заан болж, Төрийн наадамд зургаан удаа шөвгөрснөө чамладаггүй. Зарим жил ёстой халгамаар байсан шүү.
Наадмын гол өрсөлдөөн Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан гурвын дунд өрнөнө. Хажуугаар нь “Зургаан залуу заан” гэгдэж явсан хүчтнүүд ширүүн өрсөлдөнө. Тэднийг өвдөг шороодуулах итгэл дүүрэн, бяртай, мэхтэй олон хүчтэн байлаа. Би 1998 онд улсын наадамд гурав дахиа зодоглохдоо начин болсон. Цөөндөө тэднээс гурав юм уу, дөрвийг нь өвдөг шороодуулбал л цолоо ахиулах боломжтой.
Улсын начин болсон жилээ долоогийн даваанд О.Балжинням аваргад унасандаа харамсдаг. Тэр жил улсын заан болчихсон бол ам авах, тунахаас авхуулаад олон зүйл өөр болох байсан юм шүү дээ. Тухайн үеийн бөхчүүдийн өрсөлдөөн ширүүн, олон хүчтэн байсан болохоор улсын заан л болох боломж надад байлаа. Үнэндээ үүнээс том цолд шунаагүй ээ.
-Бөх бүхэн улсын наадамд түрүүлэх, аварга болохыг зорьдог. Танд тийм хүсэл байгаагүй гэж үү?
-Тийм бодол төрөөгүй, тэгэх боломж ч үнэндээ байгаагүй. Төрийн наадамд түрүүлье, аварга болъё гэхээс илүү улсын заан болох сон л гэж бодсон. Ч.Бямбадорж багшийнхаа цолд хүрч, амжилтыг нь давтах сан л гэж зорьж билээ. Ч.Батзориг бид хоёрын амжилтыг багш их голно.
“Та хоёр улсын наадамд түрүү, үзүүр булаалдах хэмжээнд барилдах хэрэгтэй” гэж захидаг, заримдаа зэмлэдэг байлаа. Тухайн үед үнэндээ тийм ч ач холбогдол өгөөгүй. Бүр сүүлд л “Нээрэн, арай том зорилготой барилдсан бол түүндээ хүрчих ч байсан юм бил үү. Багшийнхаа үгэнд орох минь яав даа” гэж бодсон шүү. Түүнээс биш нэг их харамсдаггүй.
Ч.Батзориг бид хоёр 30-аад жил нөхөрлөж байна. Түүнийг улсын заан болоход их баярлаж билээ. Уйгагүй хөдөлмөрлөж, хичээвэл эл цолыг авч чадахыг надад үлгэрлэж, итгэл өгсөн юм.
-Улсын заан цолны даваанд Та олон удаа бүдэрсэн. Ялангуяа 2004 онд улсын наадмын долоогийн даваанд Б.Гантогтох гарьдад унасан барилдааныг бөхийн хорхойтнууд одоо ч дурсдаг. Таны ч бас сэтгэлд тод үлдсэн байх.
-Тэгэлгүй яах вэ. Х.Баянмөнх аваргын хэлснээр Б.Гантогтоход ёстой чанга унасан хоёр бөхийн нэг нь би, нөгөө нь П.Сүхбат гарьд. Тэр жил Б.Гантогтох бид хоёр тунасан юм. Тухайн үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай өнөөгийнх шиг тэгш бус, энхэл донхолтой байлаа. Б.Гантогтох шуудагдсан барьцнаас түрж хөөхөд нь би хонхорт хөл алдсан.
Түүнийг дунгуйлдаж татахдаа давхар ачих гэснээ болиод дайраад унагаах гэтэл миний суганд эргээд давсан юм. Аймар хүчтэй унасан. Тэр барилдааны бичлэгийг зөндөө үзсэн. Уг нь би давхар ачих мэх хийсэн бол түүнийг өвдөг шороодуулах боломж байсан юм билээ. Давбал зорилгодоо хүрлээ гээд ялимгүй яарсан тал бий. Дараа жил нь долоогийн даваанд А.Сүхбат аваргыг давж, улсын заан болсон.
-Наймын даваанд Д.Сумъяабазар аваргад өвдөг шороодсон. Амжилтдаа ханасан тал бий юү?
-Уг нь нэг их баярлаж, догдлоогүй. Тайван барилдъя, аваргыг давна гэж л бодсон юм. Наадмын өмнө би тумбарайдах мэх дутуу сурсан байлаа. Даалгаж хийдэг болъё гээд амжаагүй. Д.Сумъяабазартай барилдаж байхад өнөөх мэхээ хиймээр санагдаад болдоггүй. Эгзгийг нь тааруулж байгаад хийтэл дутуудуулчихсан. Д.Сумъяабазар бяртайг ч хэлэх үү, намайг тэр чигт нь дайраад давав. Дутуу сурсан мэх тийм эрсдэлтэй.
Ер нь наадам дөхсөн үед шинэ мэх, барьц сурах дэмий. Хийж дадаагүй болохоор тэр бүр даалгах амаргүй л дээ. Тэр жил Х.Мөнхбаатар бид хоёр улсын заан цол хүртэж билээ. Цолдоо би их хайртай. Улсын наадамд зургаан удаа шөвгөрөхдөө зургаа, наймын даваанд Д.Сумъяабазарт, О.Балжинням, Б.Гантогтох, Б.Ганбат нарт долоогийн даваанд унасан. Миний амжилтын шанага улсын зааны хэмжээтэй л байсан юм байлгүй.
-Улсын заан болоод дараагийнхаа зорилгыг хэрхэн тодорхойлов?
-Цол дагаж бяр нэмэгддэг гэдэг үнэн. Цолдоо эзэн болох сон гэж хүссэнээс ахиулъя, улсын наадамд түрүүлж, үзүүрлэе гэж бодоогүй. Дараа жил нь долоогийн даваанд Б.Ганбат арсланд унасан. Цолдоо ханасандаа ч тэр үү, түүнээс хойш улсын наадамд шөвгөрч, дээгүүр барилдаж чадаагүй.
-Хүч сориход хамгийн эвгүй, барилдаан таардаггүй бөхөө нэрлээч гэвэл хэнийг онцлох бол?
-Яг тэр гэж онцлохын аргагүй. Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням аварга, Д.Мөнх-Эрдэнэ арсланг унагаах үнэхээр амаргүй. За, тэгж байтал дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, улсын арслан Б.Ганбат, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, И.Доржсамбуу, улсын заан Ч.Батзориг, Д.Бумбаяр, О.Одгэрэл гээд бүгд өөр өөрийн гэсэн барилдааны онцлогтой.
Хэн нь ч хэнийгээ давахад гайхах зүйлгүй бөхчүүд байв. Аль нэгийг нь нэрлээч гэвэл А.Сүхбатыг онцолъё. Их мэдрэмжтэй, мэхний гүйцэтгэл сайтай. Өрсөлдөгчийнхөө хий, сул талыг сайн хардаг. Г.Өсөхбаяр аварга өндөр биетэй, барилдахад эвгүй.
Д.Сумъяабазар, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат гурав бузгай бяртай. Б.Гантогтох гарьд олон талын барилдаантай, бяраар хэнээс ч дутахгүй. За, ингээд тоочоод, тодотговол нэлээд юм болно. Миний үеийнхнээс цол нь багадаж яваа хүчтэн бол улсын начин М.Жамьяанпүрэв.
-Тэднээс Та юугаараа илүү, бас дутуу байв?
-Шуудагны барьцнаас сайн барилддаг, бариа зөрүүн дээр мэдэрдэг нь миний давуу тал юм болов уу. За, байз сул тал гэхээр юуг ч тодотгомоор юм бэ дээ. Том цолтой, насаар ах бөхчүүдтэй барилдахдаа их хүндэлдэг байсан нь заримдаа сул талсан болсон. Бүхнээ шавхаж бус, хүндэлж барилдсанаасаа болж унасан тохиолдол олон. Зөвхөн би бус, миний үеийн бөхчүүд тийм хүмүүжилтэй байсан.
-Та самбо, жүдогийн улсын аварга. Эдгээр төрлөөр яагаад тууштай барилдаагүй юм бэ?
-Би самбо, жүдогийн УАШТ-д хоёр удаа оролцохдоо медалиас мултраагүй. Үнэнийг хэлэхэд эдгээр төрлөөр тууштай барилдъя гэж бодоогүй. Чөлөөт бөхөөр олон жил барилдсан, Г.Өсөхбаяр аваргын бэлтгэл хангагч байлаа.
-Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ий найман хүрэл медальтай. Амжилтаа ахиулах, дэлхийн аварга болж чадаагүйд тань юу нөлөөлөв?
-Жин. Би үнэмлэхүй жинд барилддаг байлаа. Тэгэхээр 200 гаруй кг жинтэй, хоёр метр өндөр бөхчүүдтэй өрсөлдөнө. Яалт ч үгүй чац дутдаг байв. Дэлхийн аварга болох боломж надад байгаагүй, худлаа яриад яах вэ. Миний жинд ОХУ-ын Алан Кариев гэдэг лут амьтан байлаа шүү дээ.
210 см өндөр, 200 гаруй кг жинтэй түүнийг дийлээгүй. Би зургаан хүүхэдтэй, дөрвөн хүү, хоёр охинтой. Отгон хүү барилдаж магадгүй. Аавынхаа үргэлжлэл болж, амжилтыг минь үргэлжлүүлээсэй гэж хүсэлгүй яах вэ.
-Хилийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хороонд 2015 оноос хойш ажиллаж байна. Хилийн цэрэгт зүтгэхийн хамгийн сайхан зүйл юу вэ?
-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. 73 жилийн түүхтэй байгууллагаараа, хамт олноороо бахархдаг. “Хилчин” спорт хороо үе үеийн тамирчдаараа алдартай. Бөхчүүд манай хорооны тамирчин болох их дуртай, том цол хүртдэг гээд бэлгэшээдэг юм. Хилийн цэрэгт ажиллахад сайхан зүйл бишгүй их.
Эх орныхоо торгон хилийг манан, амар тайван байдлыг хангалцаж яваагаараа бахархдаг. Энэ ташрамд, Хил хамгаалах ерөнхий газар, Д.Бат-Эрдэнэ захирагчтай Хилийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны хамт олон, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист манаанд зогсож буй хилчиддээ сайн сайхан бүхний дээдийг хүсье. Удахгүй наадам, дараа жил олимп болно. “Хилчин”-ээс олимпын аварга, медальтан, улсын наадмын түрүү бөх төрөх болтугай.
-Та төрсөн нутагтаа ойрд очсон уу?
-Ноднин зун очиж, сайхан амарсан. Ховд аймагт 80 гаруй настай ээж, ах, дүү нар минь амьдардаг. Уг нь нутагтаа аль болох очихыг хичээдэг ч тэр бүр зав гарахгүй юм аа.