Өчигдөр буюу Лхагва гарагт Лондон хотын шүүх “Wikileaks”-ийг үндэслэн байгуулагч Жулиан Ассанжийг шүүхийн шийдвэрийг зөрчсөн хэмээн буруутган 50 долоон хоног шоронд хорих ял оноолоо. Долоон жилийн өмнө мөн л Лондонгийн шүүх түүнийг батлан даалтад гаргасан хугацаанд Ассанж Эквадорын элчин сайдын яаманд хорогдож амжсан билээ. Ялын тогтоолын уншсан шүүгч “Хамгийн чухал нь хэн ч хуулиас дээгүүр байх ёсгүй” гэж онцолсон байна. “Wikileaks”-т уг шүүхийн шийдвэрийг “Жулиан Ассанжад оноосон ял үнэхээр цочирдом бөгөөд өс хонзонгийн шинжтэй харагдаж байна. Түүнийг шилжүүлэн өгөх асуудал дээр Британийн шүүх хир шударга байх бол гэж бидний санаа маш их зовж байна” гэжээ. Жулиан Ассанжийг АНУ руу шилжүүлэн өгөх хэрэг өнөөдөр Лондонгийн шүүхээр шийдвэрлэгдэх ажээ. Анх 2010 онд Ассанжийг Шведэд хоёр эмэгтэйг хүчиндсэн хэрэгт буруутгасан юм. Удалгүй хэргийг мөрдөн шалгах ажил зогссон ч хэсэг хугацааны дараа дахин нээжээ. Ассанж энэ талаар өөрийг нь Пентагон болон АНУ-ын бусад төрийн байгууллагуудын нууц материалуудыг олны хүртээл болгож нийтэлснийх нь төлөө Вашинтонд барьж өгөх зориулалтаар зохиомлоор бий болгосон хэрэг гэж мэдэгдсэн билээ. Буруугүй гэдгээ нотлохоор тэрээр Лондонгийн цагдаагийн газар өөрөө явж очсон ч түүнийг тэр дор нь баривчилсан байна. Гэхдээ ес хоногийн дараа Ассанжийг батлан даалтаар суллажээ. 2012 он Британийн шүүх түүнийг баривчилж Шведийн тал шилжүүлэх өгөх шийдвэр гаргасны дараа Ассанж Эквадорын элчин сайдын яаманд орогножээ. Тэрээр энэ оны дөрөвдүгээр сарын 11 хүртэл буюу Эквадор улс элчин сайдын яамныхаа нутаг дэвсгэр дээр түүнийг цаашид оршин суухад татгалзах хүртэл амьдарчээ. Лондонгийн цагдаа түүнийг тэр өдөрт нь баривчлан хорьсон юм.