Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га газар үнэгүй өмчлөх эрхтэйг хуульчилсан байдаг. Үүний дагуу энэ онд Багануур болон Налайх дүүрэгт иргэдэд газар олгох болжээ. Энэ талаар нийслэлийн Газрын албаныхнаас тодруулахад “Улаанбаатар хотын хэмжээнд иргэдэд газар олгоод дууссан. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгох газрын нөөц байхгүй. Тиймээс 2019 онд Налайхад тав, Багануур дүүргийн хоёр га газрыг иргэдэд үнэгүй эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан. 0.07 га газраа өмчилж чадаагүй иргэд дээрх бүсэд болон орон нутагт газар авах эрхтэй” гэсэн юм.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2002 онд баталснаас хойш долоон удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. 2017 оны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 13 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчилж авчээ.
Ташрамд дурдахад, тухайн иргэн газар өмчлөх хүсэлт гаргахдаа батлагдсан маягтын дагуу өргөдөл бичиж, иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулна. Мөн оршин суугаа хорооныхоо Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргаж буй газрынхаа кадастрын зургийг хавсаргах юм байна.