“Жижиг” хэмээн тодотгодог “Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнгөрсөн даваа гарагт болж, 2018 оны цэвэр ашгийнхаа 85 хувийг ногдол ашигт олгохоор шийдвэрлэжээ. Тус компани өнгөрсөн онд 226.36 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Ингэснээр нийт 52.86 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэнэ. Үүнээсээ нэгж хувьцаанд 853 төгрөгийн ногдол ашиг тараахад нийт 44.9 тэрбум болох аж.
“Тавантолгой” компанийн хувьцааны 51 хувийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг. Аймгийн Засаг даргын Тамгын газраас ашгийнхаа 95 хувийг ногдол ашигт хуваарилах санал оруулжээ. Гэвч хувьцаа эзэмшигчид нь дэмжээгүй гэнэ. Тэдний хувьцааны ханш 6300 төгрөгт хүрчээ. Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд 40 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.